УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон 34 гишүүн зөвшөөрч, 85 хувийн саналаар томиллоо.
Санал хураахын өмнө УИХ-ын зарим гишүүд саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Дэлхийн улс төрд байдаг сөрөг хүчин шүүмжлэгч, дэмжигч байх вэ гэдгээ шийдвэрлэдэг. Миний хувьд Ш.Түвдэндорж гишүүнийг “давхар дээл”-ээсээ татгалзвал дэмжинэ” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Ерөнхий сайд асуудалд болгонд нэг зарчмаар ажиллах ёстой. Хэдхэн минутын өмнө Ерөнхийлөгч 2016 оноос хэрэгжүүлэхээр оруулж ирсэн ч МАН-ынхан 2014 он болгоод завхруулсан гэж хэлж байна. Гэтэл Ерөнхийлөгч ҮХАА-н сайд УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингэж өөрийнхөө оруулж ирж буй асуудалд тааруулж хариулах хэрэггүй. Ерөнхий сайд аливаа асуудалд зарчимч, нэг байр суурьнаас хандах ёстой. Монголын төр дампуурчээ гэдгээс би ичиж байна. УИХ-ын үйл ажиллагаа ийм болж байгаа нь хяналтаа тавьж чадахгүйтэй холбоотой. Засгийн газартаа хөтлөгдсөн хууль тогтоох дээд байгууллага болж хувирсан. Энэ асуудлаа өөрчлөөч гээд ард түмний саналыг харгалзахгүй гэж ярьж болохгүй. Ард түмэн дүнгээ тавих цаг удахгүй байх шүү” гэдгийг Ерөнхий сайдад хандан илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Болор:
-Ард иргэдтэй уулзахад эцэс төгсгөлгүй улстөржилтөө зогсоогооч, үүнээс чинь болж эдийн засаг хүндрээд байна гэж хэлж байна. Түүнээс ард түмэн “давхар дээл”-ийн асуудлыг ярьж байгаа хүн байхгүй байна. Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар сайд оруулж ирж байна. Сөрөг хүчин хамтраад улс орныхоо төлөө бүтээлч ажиллаад явах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Сү.Батболд:
-МАН төр барьж байхдаа ч, Засгийг тэргүүлж байхдаа ч сөрөг хүчний горимын саналыг зарчмаар нь шийдээд явдаг байсан. Гэтэл одоо байдал ямар байгааг өнөөдрийн чуулганы хуралдааны жишээ бэлээхэн харуулж байна. МАН-ын бүлгийн дарга, бүлгийн гишүүд горимын санал тавиад байхад өөрсдийн баримталж буй байр сууриар тайлбар хийгээд явчихлаа шүү дээ. Ардчиллаа хөгжүүлье гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ сөрөг хүчнээ нам дарчих гээд л байна. Олонхиороо асуудлыг түрж, богино хугацаанд шийддэг, өөрсдөд нь таалагдаагүй зүйлээ дардаг, дуугарах юм бол танхимын нөгөө талаас зэрэг хашгиралдаж, хуралд даргалагч давуу эрхээ эдэлж микорофон хаах зэргээр өнөөдрийн чуулганы хурал явагдлаа. Сөрөг хүчин нь өөрсдийн байр сууриа зарчмаар нь, горимоор нь тавих гэхээр боомилдог. Энэ зүйл өнөөдөртөө асуудлыг шийдээд байгаа мэт боловч улс орны хөгжлийн асуудал, эдийн засгийн хямралд энэ нь уршгийг улам л дагуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хойшлуулж, хугацааг нь бүр тодорхойгүй болгож хаялаа. Бидний үед лав ийм зүйл байсангүй. Хамтарсан Засгийн газрын үед ч, манай Засгийн газрын үед ч бид асуудлыг зарчмаар нь л явуулдаг байсан. Хэрэв яг өнөөдрийнх шиг бид та нарт хандсан бол юу болох байсан бол, хачин л юм болох байсан даа. Эрх баригчид өмнөх Засгийн газрын явуулж байсан зөв бодлогыг дарах, болоогүй зүйлийг нь улам харлуулах бодлого барьж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Өглөөнөөс хойш яриад ойлголцсон гэж бодож байна. Үндсэн хуулиар олгосон тэр эрхийг өөр хууль гаргаж хязгаарлаж болдог эсэхийг хүн бүр өөрийхөөрөө ярьж байна. Миний хувьд бол Үндсэн хууль зөрчөөгүй л гэж гарч ирнэ. Үндсэний статистикийн газраас гаргасан тоон дотор эерэг, сөрөг зүйл л байна. Засгийн газар анхаарах зүйл бас байна. Тиймээс бүгдийг хараар хэлээд байхаар хамтарч ажиллах нь байтуйгай ойр хавийн хүмүүс гайхаж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Манай цөөнх хүнийг яаж муулж болдог гэдгийг харууллаа. АН өөрсдөө шийдвэр гаргаад оруулж ирснийг бид дэмжээд ажиллая гэж бодож байгаа. Гэхдээ хүнийг олны нүдэн дээр үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйл ярих нь ёс зүй юм. Бид аливаа асуудлыг хэлэлцэе гэвэл ойлгоцож ажиллах ёстой. Эдийн засгийн хүндрэл байгаа гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа ч нэг ч хоног алдаж болохгүй энэ үед нэг сайдын асуудлыг бүтэн өдөржин ярьж байна. Бүх зүйлийг хараар будахаа болъё. Эдийн засгийн сайд ажлаа хийж байхад огцруулбал эдийн засаг сайжирна гэсэн ойлголт байхгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-2012 оны сонгуулийн үр дүнгээр 26/34 байгаа нь үнэн. Бид өмнөх парламентын үед сөрөг хүчинтэй зөвшилцөж, завсарлага өгч, ойлголцож ажиллаж байсан. АН олонхоороо хүч түрээд, эцсийн дүндээ эдийн засаг хямарч, ажилгүй орлогогүй болж, эдийн засгийг галзуу унагачихлаа. УИХ-ын тухай хуулийн дагуу Н.Батбаяр сайдын асуудлыг 14 хоног хойшлоод хууль зөрчиж байна. Гэтэл ҮХАА-н сайдыг хууль зөрчих гээд байна гэж ярьж байна. Бид горимын санал гаргасан, завсарлага авах санал гаргасан ч УИХ-ын хуралдаан даргалагч өгсөнгүй. Бидэн рүү буруу чихэх хэрэггүй. Бид санал хураалтад оролцохгүй. Мөн хүч түрж УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах боломжгүй. Тиймээс МАН-ын бүлгийхэн санал хураалтад оролцохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв.
Үүний дараа санал хураалт явуулж санал хураалтад 40 гишүүн оролцож, 34 нь зөвшөөрснөөр ҮХАА-н сайдыг 85 хувийн саналаар дэмжиж, Ш.Түвдэндорж ҮХААЯ-ыг удирдахаар боллоо.
Ш.ОЧ