Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч бид хоёрын хооронд үл ойлголцол байхгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч бид хоёрын хооронд үл ойлголцол байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж,  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилсний дараа гишүүд саналаа илэрхийллээ.

-УИХ-ын гишүүн Д.Арвин “Эдийн засаг биднээс шалтгаалж байгаа, шалтгаалахгүй зүйлээс ч унаж байгаа. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн сайдыг ирэх долоо хоногт хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс эдийн засгийн асуудлыг ирэх долоо хоногт нухацтай ярих ёстой. Гэтэл бид нэг томилгооны асуудлыг бүтэн өдрийн турш ярилцаж байгаа нь харамсалтай байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан засаглалыг бэхжүүлэх нь сайн хууль өргөн барьж, 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэж өргөн барьсан. Тиймээс АН-ын бүлэг тэр хуулийг дахин өргөн барих ёстой гэсэн саналтай байна. Ш.Түвдэндорж ажлаа аваад маш сайн хийхийг хүсч байна” гэлээ.

-УИХ-ын гишүүн Н.Энхболд “Манай олонхийн араншин, үйл ажиллагаа, байр суурь УИХ-ыг парламентийнх нь хувьд булшилж байгаа  үйлдэл. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд нараас хууль хэрэгжүүлэх талаар ярих юм байхгүй. Одоо Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэх цаг нэгэнт болжээ. УИХ хууль хэрэгжүүлэхгүй байна гэж ярьж байхыг сонссонгүй, Ерөнхий сайд хууль уландаа гишгэж байна гэдгийг нь сонсоогүй. Хууль хэрэгжүүлэхгүй, өөрийнхөөр тайлбарлаж болдог юм байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлчихлээ. Энэ цааш үргэлжилбэл эмх замбаартай байдал байхгүй бол чадалтай нь чадалгүйгээ иддэг байдал бий болох нь” гэсэн саналаа илэрхийллээ.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж та яагаад МАН-ын бүлгийн дарга завсарлага авая гэхэ өгөөгүй вэ. Мөн Ш.Түвдэндорж гишүүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, сайд болж болохгүй юу. Хэрэв УИХ-ын гишүүнээс татгалзвал дэмжинэ гэж хэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа ямар ахиц гаргасан бэ” гэсэн асуултад Р.Гончигдорж “УИХ хугацаатай ажлыг хугацаанд нь хийх ёстой. Тиймээс завсарлага авах боломжгүй. УИХ хууль зөрчөөд асуудлыг хойшлуулаад, завсарлага өгөх боломжгүй байсан” гэлээ.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Сайд томилох асуудлыг хэлэлцэх байх процессыг хараад УИХ яаж ажиллаж байна вэ гэдгийг Монголын ард түмэн харж байгаа байх. Ёс зүйгүй асуудлуудыг ярьсаар сүүлийн таван сарыг өнгөрүүллээ. Нэг амаараа ажлаа хурдлуулая гэчээд нөгөө талдаа дотоод зөрчлөө зохицуулах гэж цаг алдчихсан байдлаа МАН руу чихэх хэрэггүй. Тийм шуурхай юм бол долоо хоног, 14 хоногт нь шийдээд яв л даа. Ийм байдалтайгаар цаашаа хол явахгүй. Алдаа байвал зас, чадахгүй бол ард түмэндээ хэл” гээн саналыг илэрхийллээ.

-УИХ-ын гишүүн А.Тлейхан “2012 онд байгуулагдсан Засгийн газар хууль хэрэгжүүлэхгүй, алдаатай бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа зарцуулалт УИХ-аар оруулж ирэхгүй байна. Энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл. Энэ мэт алдаатай бодлогууд явж байна. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй яасан юм бэ” гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхийлөгч бид хоёрын хооронд үл ойлголцол байхгүй.  Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг байлдаан болгох гээд байхаар батлагдаж чадаагүй” гэлээ.

Гишүүд асуулт, тодруулга авсаны дараа гишүүдийн саналаа илэрхийлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж