2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы шүүгч Юүчи Нишимурагийн шүглийн дуунаар Бразиль болон Хорватын шигшээ багийн тоглолт эхэлснээр нээлтээ хийнэ. Энэ дэлхийн аваргын нээлтийн тоглолтын өмнөх мэдээ, мэдээллийг тоймлон хүргэе.
БРАЗИЛЬ – ХОРВАТ
Хэзээ : 2014 оны 6 сарын 12. 04 : 00 цагт /Улаанбаатарын цагаар/
Хаана : Арена де Сан Паулу (Сан Паулу хот) – 61606 үзэгчийн суудалтай
Шүүгч : Юүчи Нишимура (Япон).
Талбайн захын шүүгчид: Тору Сагара, Тошиюки Наги /хоёул Япон/
Дөрөв дэх шүүгч: Алиреза Фагани /Иран/
2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Бразиль, Хорват F хэсэгт сугалаа таарч, хоорондоо өрсөлдсөн юм. Тэр тоглолтод Бразилийн шигшээ Какагийн 44 дэх минутад оруулсан ганц гоолоор Хорватыг арайхийн буулган авч байлаа. Түүнээс хойш Бразиль, Хорват олон улсын чанартай томоохон тэмцээнд учраа таараагүй юм.
Өнөө шөнө болох 2014 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод Бразиль үндсэн шар өнгийн өмсгөлтэй гарна. Мөн Хорват ч гэсэн үндсэн цагаан дээр улаан шоотой өмсгөлтэйгээр тоглох юм.
Бразилийн гарааны тоглогчид /Урьдчилсан байдлаар/:
Хаалгач: Жулио Сезарь
Хамгаалагч: Дани Алвес, Марсело, Давид Луйс, Тиагу Сильва
Хагас хамгаалагч: Оскар, Фернандиньо, Паулиньо
Довтлогч: Нэймар, Фред, Халк
Хорватын гарааны тоглогчид /Урьдчилсан байдлаар/:
Хаалгач: Стипе Плетикоса
Хамгаалагч: Дарио Срна, Деян Ловрен, Ведран Чорлука, Даниель Праньяч
Хагас хамгаалагч: Лука Модрич, Матео Ковачич, Иван Ракитич, Иван Перишич
Довтлогч: Эдуардо да Сильва, Никица Элавич
Өнөө шөнийн тоглолтод Хорватын шилдэг довтлогч Марио Манжукич торгуулийн улмаас оролцохгүй. Тэрээр ДАШТ-ий сонгон шалгаруулалтын сүүлийн шатад Исландтай хийсэн тоглолтын үеэр улаан хуудас авсан юм.
64 жилийн тэртээ буюу 1950 онд Бразилийн ард түмэн хүн төрөлхтөний их баяр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан түүхтэй. Гэвч Бразилийн шигшээ Уругвайд түрүүгээ алдаж, “Мараканагийн нулимс” хэмээх гунигт дурсамжийг өдийг хүртэл тээсээр яваа юм.
1950 оны долдугаар сарын 17-нд Бразиль улсын ДАШТ-ий түрүүг хүртэхийн төлөө Уругвайн шигшээ багтай тоглож, хожигдсон. Тухайн тоглолтод Бразиль Уругвайтай тэнцэхэд л ДАШТ-ий түрүүг хүртэж, “Алтан дагина” цомыг анх удаа өргөх байсан юм. Гэсэн ч Бразильчууд Уругвайг хожиж, итгэл төгс цомоо өргөхийн тулд хэт бардамнаж тоглосны балгаар хожигдсон түүхтэй.
“Мараканагийн нулимс” тоглолт:
Хэзээ: 1950 оны долдугаар сарын 14
Хаана: Маракана цэнгэлдэх (Бразиль улс. Рио де Жанейро хот)
Үзэгч: 203849 (ДАШТ-ий дээд амжилт)
Шүүгч: Жорж Ридер (Их Британи)
Энэ тоглолтыг шүүсэн Английн шүүгч Жорж Ридер хожим дуртгалдаа “200 мянган хүн чимээгүйхэн мэгших “Маракана” цэнгэлдэх надад хорвоогийн хамгийн том авс мэт санагдаж байлаа. Би цэнгэлдэхээс хурдхан гарахыг хичээсэн болсон” гэж ярьсан удаатай.
Энэ түүх 2014 онд давтагдвал юу болохыг төсөөлөхөд бэрх. Учир нь Бразиль улсын эдийн засгийн хямралаас үүдэн ДАШТ-ийг эсэргүүцэгчид бий болж, удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Тиймээс Бразилийн шигшээ ДАШТ-д түрүүлэх маш хүнд хэцүү даалгаврын төлөө, дарамт шахалтын дор тоглох болно.
Б.БИЛЭГ