МАН-ын удирдлагууд үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, эдийн засагчдыг хүлээн авч, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан. Энэхүү уулзалтад оролцсон төлөөлөгчдөөс мэдэгдэл гаргажээ.
Энэхүү мэдэгдэлд, Монгол Улсын эдийн засаг хүндэрч, өсөлт нь өнгөрсөн онуудаас 5-6 хувиар саарч, төсвийн орлогын төлөвлөгөө 1.5 их наяд төгрөгөөр тасарч, хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурч, төсвийн алдагдал, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, төгрөгийн ханш 36 хувь хүртэл суларч, сүүлийн нэг жилийн хугацаанд тавьсан өр өнгөрсөн 22 жилийн нийлбэрээс давж хямрал гүнзгийрлээ. Олон аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурав. Эрх баригчдын алдаатай бодлого улс орны эдийн засгийг ийм байдалд хүргэлээ. Өмнөх УИХ-аас өрийг эрсдэл даах хэмжээнд хязгаарлах зорилгоор 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар босгоор хэлэлцэн баталж улсын өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.
Өрийн хязгаарлалт нь хөгжлийн бус тогтвортой байдлын асуудал юм. Үүнийг Азийн өндөр хөгжилтэй орнуудын хурдацтай хөгжлийн туршлага харууллаа. Тэдний хөгжлийн бодлого нь өр дээр бус төсөв мөнгө, татвар, худалдааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, хувийн хэвшилд суурилсан байдаг. Тэд өр нь хөгжлийг тодорхой хугацаанд нэмэгдүүлдэг “Түр зуур”-ын арга бөгөөд урт хугацаандаа эдийн засгийг хөгжүүлэх бус унагаадаг гэдэг зарчим байр сууринаас хандаж иржээ. Иймд эрх баригчид санхүү эдийн засгийн хямралт байдлаас гарахын тулд алдаа дутагдалаа өөрсдийн бодлого, буруутай үйл ажиллагаанаасаа эрж хайх хэрэгтэй. Иймд өрийн босгыг 70 хувь хүргэж хуульчлахаа зогсоохыг шаардаж байна. Харин эдийн засгийг эрчимжүүлэх, тодорхой томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Хөгжлийн бодлогын хууль”-ийг өргөн барьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж үзэж байгаа гэжээ.
Ш.ОЧ