
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын наймдугаар гудамжинд айлын гэр, хашаа шатаж байсныг Аврах, гал унтраах 34 дүгээр анги очиж унтраажээ.
-Баянгол дүүргийн наймдугаар хороо, дөрөвдүгээр хорооллын Авто плаза II-ын хашаанд байрлах “ВИТА” караоке, рестораны 6х2 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хөндийд хог шатаж байсныг Аврах, гал унтраах аравдугаар анги очиж унтраажээ.
-Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 дугаар гудамжинд 12х7 метрийн хэмжээтэй нэг давхар мансарттай байшингийн дээвэр, дотор тааз, зэргэлдээ байрлах иргэн Х-гын таван ханатай гэрийн баруун хэсэг хайрагдан шатаж байсныг Аврах, гал унтраах 10 дугаар анги очиж унтраажээ.
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы есдүгээр гудамжинд иргэн В-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х6 метрийн хэмжээтэй автогаражийн таазын хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар анги очиж унтраав.
-Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Цэргийн хотхоны ойролцоо иргэн Ц-гийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг Аврах, гал унтраах 10 дугаар анги ажиллаж унтраажээ. Уг галд 23 настай, эрэгтэй Д нь 88 хувийн түлэгдэлтэй, 23 настай, эрэгтэй Ц-гийн зүүн гарын алга хайрагдсан байсныг Яаралтай түргэн тусламжын 103-ыг дуудаж Түлэнхийн төвд хүргүүлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт галын дуудлага ихсэх болсон байна. Обьектын гал түймэр гарч буй гол шалтгаан нь иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байгаа тул гал, түймрийн аюулаас сэргийлж, цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй байдлыг шалгаж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
П.Наран