2014.06.05. Их Британи, Лондон. Хатан хаан II Елизавета парламентын хуралдааныг нээн үг хэлсний дараа ёслолын шинэ сүйх тэргээр Букингемийн ордонд буцан ирж байгаа нь. Энэ сүйх нь тус орны түүхийн хэдэн зуун жилийн агуулах болж байна. Түүнийг түүхэн үнэт зүйлс болох алдартай байшин барилга, хөлөг онгоцнуудын хэсгүүдийг агуулан бүтээсэн байна. Тухайлбал, VIII Генрих хааны Mary Rose ("Мэри Роуз») цэргийн хөлөг онгоцны хэсэг, Ньютоны толгой дээр алим нь унасан модны хэсэг, Хаадын титэмд оруулж байсан Хувь заяаны чулуу гэх Скунскийн хавтгай чулууны хэлтэрхий зэргийг сүйх тэрэгний суудлын өмнө хэсэгт шилэн саванд хийгдэн бэхлэгджээ.
Хааны Britannia гэх дарвуулт завийн хэсгээс сүйхийн бариулуудыг хийсэн бол цонхны гуу, дотор талын хавтангуудыг Кентерберийн сүм ба Даунинг-стрит, 10 (Вестминстерийн сангийн лордын өргөө) зэргийн материалуудаас бүтээсэн байна. Сүйхийн бүхээгийн доторын бүрээсэнд Эрнест Шеклтоны антарктидийн баазын зүсэм даавуу, ахмад Роберт Скоттын чарганы хэсэг орсон байна. Түүхэн янз бүрийн байгууламжийн моднууд дотор талд нь чимэг болдог. Тэднийг жижиг дөрвөлжин болгон лакдаад хананд нь бэхлэн тайлбарыг нь тавьжээ. Дээр нь байгаа алтан наамлаар бүрхсэн модон титмийг Трафальгарын далайн байлдаанд адмирал Нельсоны үхлийн шарх авсан HMS Victory гэдэг хөлөг онгоцны царс модноос сийлэн бүтээсэн байна.
Тав метр гаруй урттай, гурван тоннын жинтэй сүйх тэрэг нь шил нь бууж хаагддаг цонхтой, зөөлөн явдлыг нь зургаан гидравлик төхөөрөмж хангаж өгнө. Хааны сүйхийн чимэглэлд алтан наалтын 400 ном орсон ба алтан шаргал хоргойгоор доторлосон байгаа. Хаалганы алтадмал бариул бүрт нь 24 очир эрдэнэ, 130 австралийн индраанил чулуу суулгажээ.
Энэ сүйхийг Австралид Жим Фреклингтоны (Jim Frecklington) удирдсан мастерүүд бүтээсэн байна. Он цагийн капсулыг Жим өөрөө сэдсэн гэдэг. Сидней хотын захын дүүргийн урландаа тэр сүйх тэрэг бүтээхэд 10 жилээ зориулжээ. Түүхэнд хамгийн агуу хаадын нэг гэж орох Елизаветагийн очир эрдэнин ойд нь зориулагдсан энэ сүйхийг Букингемийн ордны морины хашаанд бусад сүйх тэргийн хамт сонирхож болох гэнэ.
Фреклингтон өмнө нь Австралийн 200 жилийн ойгоор Засгийн газар нь хатан хаанд бэлэг болгон 1988 онд барьсан сүйхийг бүтээхэд оролцож байжээ. Фото: Matthew Lloyd/Getty Images
Бэлтгэсэн Ш.МЯГМАР