Маргаантай ч шийдвэргүй хуралдаан

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Маргаантай ч шийдвэргүй хуралдаан

УИХ-ын 2014 оны зургадугаар сарын 12-ны өдрийн үдээс өмнөх хуралдааныг тоймлон хүргэж байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр 12 асуудал хэлэлцэх ёстой байсан ч нэг ч асуудал хэлэлцэлгүйгээр чуулганы хуралдааныг завсарлууллаа. УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа учраас өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж удирдсан юм. Чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй байснаар цаг хожимдож эхэлсэн ч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж УИХ-аа төлөөлөн Латви улсын төлөөлөгчидтэй уулзсан учраас ийнхүү хуралдааныг завсарлуулж, үдээс хойш 14.00 цагт хуралдуулахаар боллоо.

МАН хүчгүйдэв

Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө МАН-ын зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Өрийн удирдлагын тухай хуулийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хасах хоёр горимын санал гаргасан. Гэвч Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй учраас чуулганаар хэлэлцэх боломжгүй, горимын саналаар санал хураах боломжгүй гэсэн юм. Харин Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналаар санал хураасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй учраас ийнхүү хуралдааныг Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ нь МАН-ын бүлгийн гишүүд төдийгүй танхим дотор багагүй маргаан дагуулсан. МАН-ын зүгээс сөрөг хүчнийхний эрхийг боомилсон, хууль зөрчсөн үйлдэл болсон гэж шүүмжилж байсан юм. МАН-ынхан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан завсарлага авах санал гаргасан боловч хуралдаан даргалагч завсарлага авах боломжгүй гэсэн нь МАН-ын бүлгийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлж байлаа.

Ш.Түвдэндоржийг сайд болгох эсэхийг үдээс хойш шийдвэрлэнэ

Засгийн газрын гишүүнийг томилох буюу Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тайлбар, асуултдаа хариулт авах мөн санал, шүүмжлэлээ хэлж байсан юм. УИХ-ын гишүүдийн зүгээс олон нийт, Ерөнхийлөгч нь “давхар дээл”-тэй сайд байж болохгүй гээд байхад АН яагаад “давхар дээл”-тэй сайд томилох гээд улайраад байгаад нь шүүмжилж байсан юм. Тэр ч бүү хэл АН дотор ҮХААЯ-ыг авад явах чадалтай, боловсролтой боловсон хүчин олон байхад яагаад заавал УИХ-ын гишүүнийг томилох гэж байна вэ гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан юм. Мөн Ш.Түвдэндорж гишүүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж болох уу гэсэн асуултад нэр дэвшигч татгалзахгүйгээр одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна гэсэн хариулт өгсөн нь танхимын нөхдөө бухимдуулахад хүргэсэн юм. АН дотор ч мөн “давхар дээл”-тэй сайл томилохыг эсэргүүцэж байгаа гишүүд олон байгаа нь хуралдааны үеэр ажиглагдаж байлаа. Ийнхүү гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилсээр үдээс хойш үргэлжлэхээр болсон юм.

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан нэг ч асуудал хэлэлцэж чадалгүй завсарлав. У нь өнөөдрийн хэлэлцэх асуудал дунд 12 асуудал хэлэлцэхээр байгаа бөгөөд зөвхөн Засгийн газрын гишүүнийг томилох асуудал дээр маш их хугацаа алдахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, үдээс өмнөх чуулганы хуралдаанаас ямар нэг шийдвэр, хууль тогтоомж батлагдсангүй. Үдээс хойш ч мөн энэ байдал хэвээр үргэлжилж болзошгүй байгаа юм.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж