
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нэгдүгээр багийн нутаг Их Өлзийтийн ам гэдэг газарт 3-4 ширхэг тарвага үхсэн талаар энэ сарын 23-ны өдөр 06 дугаар цэргийн ангиас мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн лаборант, биологич нар оролцсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллажээ. Тэд орчны тандалт хийж, үхээд удсан гурван ширхэг тарвагны сэг зэмийг битүүмжлэн аймгийн төвд энэ сарын 26-ны өдөр авчирчээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит шинжлүүлэхээр Улаанбаатар хот руу энэ сарын 27-ны өдөр явуулсан аж. Шинжилгээний хариу өчигдөр гарсан бөгөөд тахлын шинж тэмдэг илрээгүй байна.
П.Наран