
-Төв аймгийн Бат-Сүмбэр сумын “Гурван чулууны сарьдаг” гэдэг газрын зүүн хойд хэсэгт өчигдөр 06:15 цагт ойн түймэр гарчээ. Сум орон нутгаас 25 иргэд, 15 морьтой, аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, нэг техник, Аврах тусгай ангиас 20 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна. Өнгөрсөн шөнө түймрийн голомтонд түр зуурын бороо орсон бөгөөд түймрийг бүрэн унтрааж дуусаагүй байгаа аж.
-Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Даваат” гэдэг газар, Бурхан халдун уулын баруун талд өчигдөр түймэртэй байна гэж 14.00 цагийн үед мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, нэг автомашинтай, сум орон нутгаас морьтой 10 хүн, 15 хүн нэг автомашинтай галыг унтраахаар ажиллаж эхэлжээ. Өнгөрөгч шөнийн 03:00-06:00 цагийн хооронд түймрийн голомтонд шиврээ бороо орсон бгөөд түймрийг бүрэн унтраахаар ажилаж байна.
-Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Мухар гэдэг газар буюу Тэрэлж амралтын газраас цааш 15 км-т өнгөрөгч баасан гаригт ойн түймэр гарсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс есөн албан хаагч, нэг техник, Төв аймгийн Онцгой байдлын газраас 17 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Өчигдөр 18:00 цагт цурманд оруулж, түймрийг бүрэн унтраасан байна. Гэхдээ унанги ихтэй, уугилттай байгаа тул шөнөдөө манаж хоноод дахин шалгаж байж хүлээлгэж өгөх аж.
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ногоонтолгой гэдэг газрын урд хэсэгт энэ сарын 25-ны өдөр мөндөр орж аянга бууснаас гарсныг аймгийн Онцгой байдлын газраас 18 албан хаагч хоёр автомашинтай, орон нутгаас 15 хүн хоёр автомашинтай ажиллаж, өчигдөр 13.00 цагт цурманд оруулж, 17.00 цагт бүрэн унтраажээ.
-Булган аймгийн Орхон сум, Мааньт багийн Хар модотын даваа гэдэг газарт өчигдөр 15 цагийн үед гурван га газрыг хамарсан ойн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах отрядын долоон албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас хоёр морьтой хүний хамт ажиллажээ. Оройн 17:30 цагийн үед түймрийг цурманд оруулж, бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
П.Наран