Монголын бадминтоны холбооноос зургаадугаар сарын 7-нд Хууль сахиулахын их сургуулийн зааланд "Asian Junior Exchange Games-2014" оролцох Монголын баг тамирчдын сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.
15 хүртлэх насны тамирчдын дунд болсон сонгон шалгаруулалтын тэмцээнд Архангай, Орхон, Дорнод, Дархан-Уул аймгаас нийт 30 гаруй тамирчид оролцжээ. Тэмцээний эхний байруудад шалгарсан Б.Мөнхболд, Ү.Бат-Үрэл, Г.Дашням (эрэгтэй), Б.Наранцэцэг, О.Жанчив, Д.Булгамаа (эмэгтэй) нарын зургаан тамирчид "Asian junior exchange games-2014"-т оролцох эрхийг авсан байна. "Asian junior exchange games-2014" тэмцээн ирэх наймдугаар сард Япон улсын Токио хотноо болно.
Бадминтоны спорт орон нутагт түлхүү хөгжиж байгаа бөгөөд Дорнод, Архангай аймгийн хүүхдүүд дээрх тэмцээнд оролцох эрхийг авсан байна.
Монголын бадминтоны холбоо нь цаашид Олимпийн наадамд баг тамирчдаа шалгаруулан оролцуулах зорилгоор Монгол улсад 2003-2006 онуудад Японы Жайка байгууллагын шугамаар ажиллаж байсан Ишигүро Нобүхиса багшийн удридлага дор Япон улсын Фукуока хотноо өсвөрийн таван тамирчдыг сонгож аван бэлтгэж байна.
Монголын өсвөрийн шигшээ баг тамирчид өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайз улсын Алор-Сетар хотноо зохион байгуулагдсан Өсвөрийн дэлхийн аваргын багийн болон ганцаарчилсан төрөлд оролцоод байна.
"Asian junior exchange games-2014" тэмцээнд оролцох тамирчид.
Ч.БОЛОР