“Бразил улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахад бэлэн” хэмээн тус улсын ерөнхийлөгч Дилма Русеф мэдэгдлээ. Төрийн тэргүүний мэдэгдсэнээр ердөө ганцхан өдрийн дараа эхлэх тэмцээний бэлтгэл талбай дээр ч, талбайн гадна ч бүрэн хангагдсан гэнэ.
Телевизээр хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “Бразилийн ард түмний итгэл үнэмшил, зориг, шийдэмгий байдал тэдгээр гутранги үзэлтнүүдийг ялан дийлсэн” хэмээн онцолсон байна. Мөн хатагтай Русеф тэмцээний бэлтгэлд хэтэрхий их хэмжээний хөрөнгө зарцуулж буй гэх шүүмжлэлийг няцааж, энэ нь тэмцээний дараа ч улс оронд бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжил үлдээх болно гэжээ.
Муу засаглал, ДАШТ-д хэт их мөнгө зарцуулж байгааг шүүмжилсэн эсэргүүцлийн арга хэмжээ сүүлийн жил гаруй хугацаанд Бразилд тасраагүй билээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө гэхэд л метроны ажилчид ажил хаяад байгаа юм. Энэ талаар Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Рикардо Трейд “Ажил хаялт бол үнэхээр хар дарсан зүүд. Гэхдээ зохион байгуулагчид, удирдлагууд бүгд бэлтгэлтэй байгаа. Цэнгэлдэхийн дотор жинхэнэ шоу болох болно” хэмээсэн байна.
Тэмцээн эхлэхээс 48 цагийн өмнө хийсэн мэдэгдэлдээ Бразилийн ерөнхийлөгч Русеф тэмцээнийг үймүүлж, саад учруулах гэсэн ямар ч оролдого, эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодотгожээ.
Сануулахад, 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт Улаанбаатарын цагаар зургадугаар сарын 13-ны 04.00 цагт Сан Паулу хотын захад орших “Арена Коринтианс” цэнгэлдэхэд тэмцээнийг зохион байгуулагч, дэлхийн таван удаагийн аварга Бразил болон Хорватын багийн хооронд болно.
С.ЦЭЛМЭГ