/”УБТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдтой хийсэн ярилцлага/
-Энэ насны заавал үйлдэх гурван буяны нэг нь мод тарих юм гэнэ лээ. Танай байгууллага энэ үүднээс ажлаа эхлүүлэв үү, эсвэл өөр шалтгаан байв уу?
-Буян үйлдэх гэдэг маань шашин талын ойлголт байх.Хамгийн гол ньхүмүүсийн амьдран байгаа орчин байгаль маш их эвдэрч, сүйдсэн энэ цаг үед бид мод тарьж л өөрсдийгөө аврах хэрэгтэй болоод байна. Харамсалтай нь манай монголчууд мод тарихыг ач тустай үйлс хэмээн мэдэх мөртлөө тухайлан түүнд цаг заваа зарцуулаад, цэцэрлэгжүүлэлтийг жинхэнэ утгаар нь хийжчаддаггүй. Санаа тавиад ургуулсан хэд гурван мод нь ургахгүй тохиолдол хүний сэтгэл зүйд нөлөөлж дахин мод тарихаас зайлсхийх, энэ ч бүтэшгүй ажил юм байна гэсэн ойлголтыг төрүүлдэг. Ийм байдалд хүргэдэг гол шалтгаан нь зөвхөн мөнгө олохын тулд баталгаагүй, мэргэжлийн бус хүмүүсийн худалдаалсан тарьц суулгацуудаас үүдэлтэй юм. Нөгөөтэйгүүр хүмүүс хүрээлэн буй орчинтойгоо зүй бусаар харьцаж, хаа явсан газраа хогийн цэг болгон бохирдуулах, модыг хулгайгаартайрч огтлох сөрөг үзэгдэлихээр гарчбайгаа. Үүний эсрэг тэмцэж байгаа төрийн бус байгууллага, хувь хүн олон байгаа ч санхүүгийн асуудлаас шалтгаалаад ойжуулалтын ажлыг орчин үеийн технологи, маркетинг менежментийн цогц бодлоготойгоор хийж чаддаггүй. Бидний зорилго бол энэ байдлыг өөрчлөх, орчин үеийн арга ажиллагаатай холбоход чиглэж байгаа юм.
-Монгол орны нөхцөлд тарьж болдоггүй, ургадаггүй мод гэсэн ойлголт байдаг. Ийм асуудлыг дэлхийн хэмжээнд хэрхэн шийддэг юм бол оо?
-Өнөөдөр агаар, хөрс болон байгалийн бохирдол, усны гачигдалгэх яриа дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болж хувираад байна. Нөхцөл байдлыг ухамсарласан өндөр хөгжилтэй орнууд байгальтайгаа зөв харьцаж, томоохон үйлдвэрлэгч нар нь орчин үеийн дэвшилтэт технологиос гадна “байгальд ээлтэй” буюу “эко” технологийг нэвтрүүлэн гаргасан бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх чадвараа тодорхойлох гол хүчин зүйл болж байгаа. Ернь орчин үеийн дэвшилтэт технологи гэдэг ойлголт өөрөө “Эко” технологи болсоор байгааг цахилгаан бага зарцуулдаг гэр ахуйн бараа, шатахуун бага зарцуулдаг автомашин, нарны зай хураагуур, салхин сэнснээс эрчим хүч гаргаж авдаг цахилгаан үүсгүүрүүд гээд бидний амьдралд нэвтэрсэн наад захын жишээнүүдээс харж болох юм.
Ойн салбарын хувьд мод тарих арга технологи илүү нарийн, нухацтай болж, бизнесийн нэгэн том салбар болон хөгжиж байна. Тэр бизнес нь мэдээж “модыг хэрхэн тэсвэрлэх чадвартай, сайн ургалттай болгох вэ” гэдэг дээр ухаанаа уралдуулах тухай асуудал юм.Мод, бут сайн ургадаг болоод эхлэхээр иргэдч мөн адил сэтгэл ханамжтайгаар тарьц, суулгацуудыг худалдан авч жимс, жимсгэнэ тариалах бизнес, орчин тойрноо цэцэрлэгжүүлэх ажилд урам зоригтой хандаад эхэлдэг. Өөрийнхөө гараар тарьж ургуулсан мод, бутаар чимсэн хашаа, цэцэрлэгээ илүү сайхан байлгах гэж анхаарал тавихын хэрээр тэр газар нь өмсөж зүүдэг, эдэлж хэрэглэдэг бүхэнтэй нь адилболон санагдахаас гадна тухайн хүний бас нэгэн бахархал болж хувирдаг юм. Нэг үгээр хэлэхэд дэлхийн хэмжээнд мод тарих нь “сайн үйлс” гэсэн хандлагаасгадна“мода” болон дэлгэрсээр байгаа гэсэн үг юм даа. Монголд ч мод тарих “мода” дэлгэрүүлэх аргыг бид олсондоо баяртай байгаа.
-Тэгэхээр танай компани энэ салбарт цоо шинэ арга барил, технологийг нэвтрүүлж байгаа гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Манай компани энэ салбарын хөгжлийг нэлээд судалсан. Үүний үр дүнд ОУ-ын томоохон ойжуулалт, нөхөн сэргээлтийг хийдэг арга технологийн хамгийн шилдгийг нь олж чадсан. Гэвч Монгол оронд ургадаг мод, бутлаг ургамалд энэ нь таарч тохирох эсэх дээр эргэлзээтэй байлаа. Тийм учраас энэ технологийг монголын нөхцөлд тохируулах үүднээсойжуулалт, моджуулалт, нөхөн сэргээлтийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан Олон улсын хэмжээний туршлага бүхий байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн юм. Бидний сонголт зөв байсныг батлах шиг технологи маань Монгол оронд ургадаг мод, бутлаг ургамлуудад гайхалтай сайн зохицсон төдийгүй хүлээж байснаас ч өндөр үр дүн авчирсан.
-Ажлын тань үр дүн амжилт авчирсан гэж бодогдоод байх юм?
-Таны бодол зөв байна. Бид эх орондоо анхдагч бөгөөд энгийн модноос 3 дахин хурдан ургалттай, бортоготой, хүчирхэг үндэстэй, амьдралын хувь өндөр буюу 95-хувиас дээш ургалттай тарьцуудыг гаргаж авсан юм. Гэхдээ зүгээр нэг гаргаж авсан төдийхнөөр бид ажлаа дүгнээгүй. Өөрсдийнхөө ажлын үр дүнг баталгаатай байлгах талаас нь анхаарч нэгэн чухал газарт ойжуулалтын ажлыг хийсэн. 1950-иад оны үед мод бэлтгэлийн үйлдвэр эрчимтэй ажиллаж, Туул голын хоёр цутгал болох Алтай, Булнай голуудын сав газрууд дахь ойг их хэмжээгээр устгасан байдаг. Үүнээс үүдэн Туул голын урсац багасч, заримдаа голын урсгал тасалдахад хүрсэн учир 1980-аад оны дунд үеэс эхлэн тус талбайд ойн нөхөн сэргээлт хийх оролдлогыг хэд хэдэн удаахийжээ. Гэвч ой хээрийн түймэр, малын хөлийн талхлалт зэргээс шалтгаалан нөхөн сэргээлт үр дүнгүй болж байсан түүхтэй. Үүнээс болж тухайн талбай нь ойн хэв шинжээ алдан хээршиж, байгалийн сэргэн ургалт өөрөө явагдах боломжгүй болсон байв. Энэ газарт бид Оюу толгой, Бороо гоулд, Монполимент, Хурд групп зэрэг Монголдоо томд тооцогддог байгууллагуудтай хамтран 2012 оноос хойш 75 000 ширхэг суулгацыг тарьсан. Түүнээс хойш бидний тарьсан мод 99 хувийн ургалттай байгаа нь яах аргагүй амжилт мөн. Хамгийн сайхан үр дүн гэвэл Туул голын маань урсац энэ ойжуулалтын ажлаас хойш огт тасраагүй, харин ч усны түвшин нэмэгдэж их сайхан өргөн урсаж байгаа.Бид ажлаа эхлээд басч үгүй 4 жилийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд судалгаа шинжилгээнийхээ ажилд түлхүү анхаарч, саяхнаас л ажлынхаа үр дүнг бусдад хүргэхээр ажиллаж байна.
-Туул голын урсац тасраагүй тухай та сая ярилаа. Энэ нь ойжуулалтын ажилтай ямар утгаараа холбогдож байгаа юм бол?
-Мод гэдэг өөрөө агаар цэвэршүүлэх, хүчилтөрөгч ялгаруулах, хөрсийг сэргээхээс гадна усыг эргэлтэд оруулдаг олон ач тустай ургамал. Усыг хүний бие дээр зүйрлэх юм бол судсаар урсах цустай адил юм. Ухаандаа модыг тайрлаа гэхэд хүний амин гол судсыг гэмтээчихсэнтэй утга нэг болно. Харинмод таривал тэр судас дахин цусаар хангагдаж, нөхөн төлждөг. Сонирхуулж хэлэхэд 50 гаруй настай ганцхан мод л насан туршдаа 200 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц дээр дурдсан экологийн үйлчилгээг үзүүлэх чадалтай байдаг.
-Төлөвлөсөн их ажлын хэмжээгээр төдийчинээ том талбай шаардлагатай байдаг байх. Танайхан модоо хаана үрслүүлж, үржүүлж байдаг вэ?
-Манайх Төв аймгийн Аргалант сумын нутагт 24 га газартай ба үүнээс 10 га орчим газарт нь одоогоор мод үржүүлж байгаа. Бас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 8 га газар ч бий. Мөн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орчин үеийн “Ухаалаг” хүлэмж ашиглаж байна. Энд гацуур, нарс, хуш, хус, улиас, хайлаас, бургас, хар мод, сухай, заг, жигд, хармаг, монгол бүйлс, гүйлс гээд 14 төрлийн мод, бутыг үрслүүлэн тарьц суулгацуудыг бэлдэж, нэг ээлжиндээ 200,000 ширхэг модыг үржүүлж байна. Харин хүлэмж маань бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол 1 сая ширхэг модыг нэг ээлжиндээ бойжуулах хүчин чадалтай юм.
-Мод тарих, байгаль орчныг сэргээх сайн дурын ажлууд ямар нэгэн уриа үгэн доор явагддаг. Танай байгууллагын хувьд?
-Томчуул маань үр хүүхдүүдтэйгээ мод тарьж амралтын өдрөө өнгөрөөвөл хамгийн сайхан өгөөжтэй амралт болохоос гадна бидний хойч үе байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, өсөж өндийсөн газар орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй болж хүмүүжинэ гэж би боддог юм. Үгүй ядахдаа өтөлж хөгшрөөд тэнгэрийн оронд буцсан эцэг эхээ хамтдаа ургуулсан модоор нь төсөөлөн хайрлаж, насан турш мартагдашгүй дурсамжийг хадгалж явах болно шүү дээ. Нөгөө талаас гэвэл харагдах нь ганц мод байвч түүгээр дамжуулан тунгалаг агаар, цэвэр хөрс, чандмань усыг үр ачдаа үлдээж байгаа гэж бодохоор үнэхээр бахархалтай санагддаг юм. Тарьсан модны маань хэмжээгээр үлдэх амьд өв хэмжигдэнэ гэсэн үг. Тийм ч учраас манай байгууллага “Удам дамжих амьд өв” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг даа.
-Утга төгөлдөр, өвөрмөц сонин уриа сонсогдож байна. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн танай байгууллагатай холбогдож, тарьц, суулгац худалдан авахыг хүссэн хүмүүс хэрхэн холбогдох боломжтой вэ?
-Удахгүй манайх мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх, сургалт явуулах, борлуулалт хийх цэгүүдийг нээхээр бэлтгэлээ хангаж байна. Хүссэн хүн бүр Дамбадаржаад байрлах “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-гийн хүлэмж дээр ирж уулзаж мод тарих боломжтой. Мөн хүмүүсийн хэлж заншсанаар “Ардын эрх” –ийн байран дахь манай төв оффист хандаж болох юм. Утсаар холбоо барихыг хүсвэл 99049214, 89034566 дугааруудад хандах боломжтой.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Байгаль дэлхий, хүнд тустай ажлын тань ирээдүйд өндөр амжилтыг хүсээс сүүлийн нэг хормыг танд үлдээе.
-Баярлалаа. Мод тарих үйлсэд Монгол улсын ерөнхийлөгч маань хүртэл өндөр ач холбогдол өгч үндэсний хэмжээнд жил бүрийн 5, 10 дугаар сард мод тарих өдрийн зарлиг болгон гаргасан нь бидний ажил үйлсэд хүртэл их нэмэр нөлөө үзүүлж байгаа хэрэг. Энэ нь цаанаа учиртай сайхан ажил юм. 3 сая иргэний 2 сая нь энэ зарлигийн дагуу мод тарихад жилд 4 сая мод, 10 жилд 40 сая ширхэг мод эх оронд маань нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь бидний ирээдүйдээ ус, агаар, хөрс, цаашлаад биднийг сайнаар дурсан санах дурсамжийг удам дамжуулан амьд өв болгон залгамжлуулж байгаа хэрэг юм. Тиймээс монгол хүн бүр мод тарихын чухлыг үр хүүхдээ өсгөн бойжуулахтай адилаар хүлээж авдаг болсон цагт бид болон бидний үр хойч утаагүй, хоргүй орчинд амар тайван амьдарна гэдэгт итгэж байна.
Ш.АНХТУЯА