М.Энхсайхан: Төмөр замаа яаравчлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: Төмөр замаа яаравчлах хэрэгтэй

Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас татаж авснаас хойш төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. Мөн үзэл баримтлал тодорхой болоогүй ч ерөнхийдөө нарийн царигаар төмөр замын бүтээн байгуулалтыг хийхийг тусгасан гэгдэж буй. Тодруулбал, Тавантолгой- Гашуунсухайт, Сайншанд- Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар өмнөх төсөлд тусгажээ. Дараагийн удаад оруулж ирэх тогтоолын төсөлд энэ үзэл чиглэл, үзэл баримтлал төдийлөн өөрчлөгдөхгүй талаар бодлого боловсруулагчид хэлж байгаа бөгөөд энэ талаар Монгол үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.

Сүүлд УИХ-аар Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг татаж авснаар төмөр зам барих хэрүүл одоог хүртэл цэглэгдэж чадахгүй л байна. Танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Ер нь төмөр замын асуудлыг улстөржүүлэх хэрэггүй. Угаасаа Монголд төмөр зам байгуулагдсан түүх бол Зөвлөлт Оросын бодлого байв. Нарийн нь Хятадынх, өргөн нь Оросынх гээд хуваагаад яриад байвал бүтэхгүй. Харин яавал монголчууд хөрөнгө мөнгөтэй болж, ашиг олох вэ гэдэг талаасаа харах хэрэгтэй. Эдийн засаг сайжирч, хүмүүсийн амьдрал дээшлэхгүй бол том яриад хэрэггүй. Тиймээс Засгийн газрын оруулж байгаа төмөр замын салбарт баримтлах бодлогыг хувьдаа дэмжиж байгаа. Хэзээ УИХ-аар хэлэлцэхийг мэдэхгүй юм. Ер нь манайх төмөр замын царигийг өргөн, нарийн л гэж яриад байгаа. Гэтэл олон улсын стандарт өргөн, нарийн гэдэггүй. Олон улсын стандартаас дээш гарсаныг өргөн, доош болсныг нарийн гэдэг. 1435 мм бол олон улсын стандарт л гээд ойлгоод авчих хэрэгтэй.

-Засгийн газраас татаж авсан Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг та юу гэж бодож байна вэ?

-Төмөр замын төслөөс амьдралд хэрэгжих нь байна, мөрөөдлийн зүйл ч зөндөө. Төмөр зам асар их өртгөөр бүтдэг гэдгийг бид мэднэ шүү дээ. Хэрвээ хуулийн төсөлд явж байгаа бүтээн байгуулалтыг бүгдийг барих гэвэл хэзээ байгуулагдах юм, ямар мөнгөөр босох юм гээд л  олон арван жил шаардлагатай. Тиймээс нэн яаралтай шийдэх асуудал бол хойноос урагш явуулах төмөр зам буюу уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт хийж тээвэрлэх болон  хэрэглэгчдэд хүргэхдээ нэг л замаар яаравчлуулан барих хэрэгтэй байна. Төмөр замын төслийн мөрөөдлийн гэгдээд байгаа асуудалд олон нийт маргалдах хэрэггүй. Ингэж байгаад бүхлээр нь бүтэхгүй болгочих вий. Түүнээс наана амьдралд прагматик байдлаар хандаж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замаа нарийн царигаар барих ажлаа түргэвчлэх хэрэгтэй. Товчоор хэлэхэд энэ нь монголчуудын амьдралд ойрын хугацаанд хэрэг болно.

-Мөрөөдлийн зүйл гэдэгт та юуг хамруулж үзэж байна вэ?

-Хуулийн төсөлд тусгасан бүх төмөр замыг барина гэдэг нь бидний хүслээр бий болоо ч уу, үгүй ч үү. Хуулийн төсөлд урт хугацаанд бүтэх зүйлсэд шүүмжилмээр юм олон бий. Гэхдээ ойрын зорилгыг хэрэгжүүлэхэд саад болох учраас одоо үед шүүмжлэл хэрэггүй.

-Төмөр замын бүтээн байгуулалтыг бүхлээр нь хийх нь мөрөөдөл гэж байна. Нэг км төмөр зам барих өртөг ямархуу байна вэ?

-Янз бүр. Их муу төмөр замыг барихад нэг сая ам.доллар, их сайн замыг нэг км нь 300 сая ам.доллараар бүтэх нь ч бий. Төмөр замд метро ч ордог. Англичуудын барьсанметроны нэг км зам нь 300 сая ам.доллараар бүтсэн. Манайд бол нэг км зам нь нэг сая ам.доллараас 20 сая ам.долларын өртөг яригдана.

-Хятадууд Казакстанаар дайруулан Европ руу хүрэх төмөр замаа хийж, олон улсыг эгнээндээ нэгтгэж байна гэж сонслоо. Хэрэв тийм бол бид энэ асар том эдийн засаг, гадаад харилцааны шинэ орон зайд хэрхэн нэвтрэх боломжтой бол?

Ер нь олон улсын төвшинд яригдаж байгаа иймэрхүү 30-аад төсөл бий. Гэхдээ төслүүдийн нэг нь ч хөрөнгөө босгоогүй, гэрээ хэлцлээ хийгээгүй. Ер нь БНХАУ Европтой холбогдсон төмөр замын асуудал маш хурц байгаа. Хятадууд манай нутгийн урдуур өөрсдөө Казакстанаар дамжаад Европ руу холбогдох төмөр замын төслийг удаан ярилаа. Одоо хэрэгжүүлж, төмөр замаа тавиад эхэлсэн. Худалдаа, наймаа хийж буй улсууд нэг л тээвэрлэлтийн гарцаа нээгээд, худалдаагаа явуулаад сурчихвал цементлэгдэх гэж ярьдаг. Дараа нь Монголоор шинэ зам тавиад, тэр нь хэчнээн үр ашигтай байсан ч цементлэгдсэн замаас шилжих сонирхолгүй байдаг. Тиймээс бид алсыг харж, олон улсын стандарт руу дөхөж байх хэрэгтэй. Үүнд хүрэх гарц нь олон улсын стандартын царигтай төмөр зам барих шүү дээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж