Г.Бумцэндийн нэрэмжит сургуулийг төгсөгчид уулзана

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Г.Бумцэндийн нэрэмжит сургуулийг төгсөгчид уулзана

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн  сургуулийн 1984 оны төгсөгчдийн  30 жилийн ой энэ сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох гэж байна. Энэхүү түүхэн сургууль 1500 гаруй сурагчтай, 100 гаруй багш ажилтантай, аймагтаа төдийгүй улсын хэмжээнд сургалтаараа тэргүүлэх бахдам амжилтын эзэд билээ. Тус сургуулиас улс төр, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын шилдэгүүд төрөн гарчээ.  Ойн арга хэмжээнд үе үеийн төгсөгчид хуран цугларах бөгөөд энэхүү арга хэмжээнд тус сургуулийг 1984 онд дүүргэсэн  УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар оролцох юм.  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Партизаны талбайд болох ойн арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболдод хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн УИХ-ын дарга төрөлх сургууль дээрээ тусгай хөтөлбөрийн дагуу зочилж, “Төгсөгчдийн Төгөл” мод тарих арга хэмжээнд оролцоно.  Г.Бумцэндийн нэрэмжит 1-р сургууль нь  анх 1938 оны 04 дүгээр сарын 15-нд 20 сурагч хоёр багштайгаар " Ардын сайн дурын тэнхим" нэртэй байгуулагдсан түүхтэй. Анхны захирлаар партизан С.Цэдэн-Иш ажиллаж байжээ. 1956 онд ардын хувьсгалын партизан, УБХ-ын анхны дарга Гончигийн Бумцэндийн нэрэмжит болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж