Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны тавдугаар сарын 5-ны өдрийн тэргүүлэгчдийн тогтоолоор нэр бүхий 18 иргэдийн хурлын төлөөлөгчийг Бразил, Куба улсад “Хөлбөмбөг үзүүлэхээр” илгээхээр болсон билээ. Албан бичиг үйлдэж явж буй гадаад томилолт тул зардал төсөвтэй л байж таарав. Тэр нь татвар төлөгчдийн мөнгө нь мэдээж. Энэ айлчлалд шаардагдах зардлыг хурлын байгууллагын гадаад харилцааны зардлаас гаргахыг нягтлан бодогчдоо хүртэл үүрэг болгож. Ийм олуулаа 10 хоногийн турш явж буй шалтгаанаа “хөлбөмбөг үзэхээр” гэж бичилгүй “Бразил, Куба улсад хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах” гэжээ.
Үнэхээр тэдэнд хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах шаардлага бий юу. Шаардлага байлаа гэхэд хөлбөмбөгийн тоглолтын үеэр тааруулах шалтгаан юу вэ. Шалтгаан байлаа гэж үзэхэд тэд үнэхээр тоглолтыг биш ажлаа хийх үү гэх асуулт зүй ёсоор гарч байна.
Хэмнэлтийн талаар дээр дооргүй ярьж, үргүй зардал гаргахгүй байх тухай яригдаж байхад юун 10 хоног, 18 төлөөлөгч, юуных нь зардлыг шийдэх вэ. Амралтаар биш ажлаар явж байгаа юм бол тэд стадион руу зүглэхгүй гэх амлалтаа өгөөд явцгааг. Тэд өөрсдөө нийтийн төлөө гэх үгийг хэлж, иргэдийн олон ч эрхийг хязгаарласан. Тэгвэл тэдний эрхийг ч гэсэн нэг удаад хязгаарлаж болохгүй гэж үү. Иргэдийн төлөөлөгчдийг стадионд ойртохыг нь хориглоё л доо.
Б.ЭНХ