“Гудамж” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

“Гудамж” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаа. Тэд  “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Баянгол дүүрэг дэх замын бүтээн байгуулалттай танилцаж, дүүргийнхний зүгээс нэмж бариулахаар хүсэлт гаргасан шинэ замуудын маршрутаар явж, газар дээр нь зөвшилцөн, тодорхой чиглэл өгсөн байна. Тус дүүргийн хувьд “Гудамж” төслөөс өнгөрсөн жил 25-р эмийн сангийн уулзвар, 10-р хорооллын уулзвар, Саппорогийн уулзвар, Гурвалжингийн уулзвар, “Өнөр” уулзвар, Өргөөгийн уулзвар, Хорооллын эцсийн уулзвар, Тасганы уулзвар, Тээврийн дээд сургуулийн уулзваруудыг тус тус өргөтгөн шинэчилсэн. Тэгвэл төслийн бүтээн байгуулалтын хүрээнд энэ жил Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар, Гандангийн дэнж дэх гэр хорооллын дундуурх чулуун замын ажлыг Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн 10-р хорооллын арын зам болон хорооллын дэнж дэх айл өрхүүдэд зориулан барихаар төлөвлөж буй шинэ замын одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Гудамж” төслийнхөнд зохих үүрэг чиглэлийг өгсөн юм. Эдийн засгийн хөгжлийн сайд маргааш буюу зургадугаар сарын 12-ны өдөр мөн 06.00 цагаас эхлэн “Гудамж” төслийн Сонгинохайрхан дүүрэг дэх бүтээн байгуулалт болон 2014 оны төлөвлөгөөнд багтсан замуудын нөхцөл байдалтай  танилцах юм байна. 

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж