Шарапова чансаагаа ахиулав

Хуучирсан мэдээ: 2014.06.11-нд нийтлэгдсэн

Шарапова чансаагаа ахиулав

Талбайн теннисний оны дөрвөн цувралын хоёр дахь нь болох "Ролан Гаррос" буюу "Францын нээлттэй тэмцээн" энэ сарын 8-нд өндөрлөсөн билээ. Шороон талбай дээр болдог Парисийн "Их дуулга"-д Испаний Рафаэль Надаль, ОХУ-ын Мария Шарапова нар тэргүүлсэн.

Олон улсын мэргэжлийн теннисчдийн холбооноос энэ долоо хоногт шинэчилсэн чансааг гаргалаа. "Ролан Гаррос"-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн ОХУ-ын Мария Шарапова 8-с тав руу, дэд аварга Румыны залуу теннисчин Симона Халеп дөрвөөс гурав руу дэвшжээ. Мөн тус тэмцээний хагас шигшээд шалгарч, ОХУ-ын Мария Шараповад ялагдсан Канадын залуу од Эжени Бучард 16-с 12-руу дэвшсэн байна. Харин Парисийн "Их дуулга"-ыг бэртлийн улмаас өнжсөн Беларусын Виктория Азаренка таваас найм руу ухарчээ.  

Эрэгтэйчүүдийн хувьд топ аравт Латвийн Эрнест Гулбис багтлаа. Тэрээр "Ролан Гаррос"-т Швейцарийн Рожер Федерер, Чехийн Томаш Бердых нарыг хожиж, хагас шигшээд шалгарсан юм.

Шилдэг топ арван теннисчдийг танилцуулья.

Эрэгтэй:

  1. Испаний Рафаэль Надаль
  2. Сербийн Новак Жокович
  3. Швейцарийн Станислас Вавринка
  4. Швейцарийн Рожер Федерер
  5. Их Британы Энди Муррей
  6. Чехийн Томаш Бердых
  7. Испаний Давид Феррер
  8. Аргентиний Хуан Мартин дел Потро
  9. Канадын Милош Ронич
  10. Латвийн Эрнест Гулбис

 

Эмэгтэй:

  1. АНУ-ын Серена Уильямс
  2. БНХАУ-ын Ли На
  3. Румыны Симона Халеп
  4. Польшийн Агнешка Радваньска
  5. ОХУ-ын Мария Шарапова
  6. Чехийн Петра Квитова
  7. Сербийн Елена Янкович
  8. Беларусын Виктория Азаренка
  9. Германы Анжелия Кербер
  10. Словакийн Доминика Цибулкова нар топ аравт бичигдэж байна.

 

Дашрамд, оны гурав дахь "Их дуулга" болох албан бус дэлхийн аварга гэгддэг "Уимблдон" энэ сарын 23-нд Английн Лондон хотноо эхлэх билээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж