Зүүн Хойд Азийн асуудлаарх бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Азийн асуудлаарх бага хурал болно

"Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" бага хурал болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлсэн "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны 04 дүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хүрлын үеэр дэвшүүлсэн. Манай улс ЗХА-ийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.   

Уг санаачилгын хүрээнд 2013 онд ЗХА-ийн эмэгтэй парламентийн гишүүдийн чуулга уулзалтыг Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулсан. Мөн энэ онд ЗХА-ийн орнуудын хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэх мэтчилэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь нэг удаагийн арга хэмжээ биш бөгөөд тухайн хэлэлцэх асуудлаасаа хамаарч хоёр болон гурван талт, цаашилбал олон талт яриа хэлэлцээг өрнүүлэх механизм юм. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын гол зарчим нь аль нэг улс буюу нэг талын эрх ашгийг давууд тавихгүй, талуудад байр сууриа тодотгох, ойлголцоход дөхөм болох үүднээс 1.5 дугаар сувгийн болон 2 дугаар сувгаар яриа хэлэлцээг өрнүүлэхэд оршино. Энэ нь бүс нутгийн аливаа ээдрээтэй асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэхэд ач холбогдолтой юм.

Энэ удаагийн хурал нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохиогдож буй анхны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал бөгөөд ЗХА-ийн 6-н орон (Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон) болон АНУ, ЕХ-ний орнуудаас нийт 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцоно. Энэ удаагийн хуралдаанаар холбогдогч талуудад “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг таниулан сурталчилах, яриа хэлэлцээнд татан оролцуулах, тодорхой мэдээлэл өгөхөөс гадна гадны судлаачдын үнэтэй санал зөвлөмжийг сонсоход чиглэж байна

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж