Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хуралдаад дийлэнх олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс эх хэлээ эзэмшихгүйгээр гадаад хэлийг бага наснаас нь зааж буйг шүүмжилсэн, бага залуучууд төрөлх хэлээрээ алдаагүй ярьж ойлголцож чадахаа больсон, нийслэлд буй хаягжилт гадаад хэл дээр замбараагүй байдаг тухай дор бүрнээ санал шүүмжээ хэлцгээж байсан бөгөөд А.Тлейхан гишүүнээс “үндэсний цөөнхийн хэлний талаар хуулийн төсөлд тусгах”, Ё.Отгонбаяр гишүүн “монгол бичигтэй болсноор крилл бичгэн дээрх нэгэн жарны хугацаан дахь түүх, өв соёлыг уншиж чадахгүй болоход хүрэх вий” С.Ганбаатар гишүүнээс “хоёр сандал дээр зэрэг сууж болохгүй” хэмээн крилл болон монгол бичгийг хослуулна гэж буйг шүүмжилж, цаашид хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстойг анхааруулж байв.
Уг хуульд Төрийн хэлний зөвлөлийг өргөтгөн Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллуулах, Монгол Улсын хэмжээнд кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих нэгдмэл дүрэм боловсруулах, батламжлах онцгой эрхийг энэ хуулиар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, энэ хуулиар шинэчлэн зохион байгуулагдах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулж байгаа аливаа үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулах зэрэг зохицуулалт буй аж.
Б.ЭНХ