Ашигт малтмалын газар /АМГ/, Татварын ерөнхий газар ТЕГ/, Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ өнөөдөр хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгууллаа. Уг гэрээнд АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, ГЕГ-ын дарга О.Ганбат нар төлөөлөн гарын үсэг зурсан байна.
Ингэснээр АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд Экспортын нүүрсний дээжид хяналт, шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллах ажээ. Тодруулбал Гаалийн төв лабораториос Монгол улсын хилээр нэвтэрч буй нүүрсний дээжүүдийг АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторид ирүүлж үр дүнг тухай бүрт хүлээж авах ажээ. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн экспортоор гаргаж буй нүүрсэнд чанарын хяналт хийхийг албаныхан онцоллоо. Мөн Уул уурхайн яамнаас гаргасан санаачилгын дагуу төрийн байгууллагууд хоорондын үйл ажиллагааг улам сайжруулах, харилцан мэдээлэл солилцох ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэх юм байна.
АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори нь анх 1969 онд хатуу түлшний лаборатори нэртэйгээр байгуулагдсанаас хойш нүүрсний шинжилгээ, туршилтын чиглэлээр тасралтгүй ажиллаж, уул уурхайн үйлдвэрийн орчны хөрс, усны бохирдлын шинжилгээгээр нэмж хүрээгээ өргөтгөсөн магадлан итгэмжлэгдсэнлаборатори ажээ.
У.БОЛОР