Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 10/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 19 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1824.10 төгрөгийн хаалтын ханшаар 13.0 сая ам.доллар худалдсан байна. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 30 сая юанийг 292.55 төгрөгийн хаалтын ханштайгаар худалджээ.
Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 68 сая ам.доллар худалдан авах төгрөгийн сювоп хэлцлийн санал ирүүлсэн бол Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
Б.МИШЭЭЛ