МАН Байнгын хороог хуралдуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

МАН Байнгын хороог хуралдуулахыг шаардлаа

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах шаардлагад тусгасан тоо баримтыг хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, Олон Улсын валютын сангаас авсан мэдээлэл гэдгийг тайлбарлав. Учир нь өнөөдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат огцруулах үндэслэлд тусгасан тоо баримт зөрүүтэй байгаа тул огцруулах үндэслэлүүдийг  дахин нягтлах шаардлагатай хэмээн мэдээлэл хийж, Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Бидний огцруулах үндэслэлд тусгасан тоо баримт бол мэргэжлийн, хууль ёсны байгууллагуудаас авсан мэдээлэл.  Өөрөөр хэлбэл, Үндэсний статистикийн хороо, ОУВС, Дэлхийн банк гэсэн байгууллагуудаас гаргасан судалгаа, тоо баримтыг огцруулах үндэслэлдээ тусгасан” гэлээ.

“Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хүсэлтийг МАН-аас тавдугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан. УИХ-ын дэгийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор авч хэлэлцэх ёстой боловч АН ирцээ бүрдүүлээгүй, мөн Н.Батбаяр сайд өвчтэй байсан гэсэн шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Гэтэл өнөөдөр мөн л тодорхойгүй хугацаагаар асуудлыг хэлэлцэх хугацааг хойшлуулж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл” гэж МАН-ынхан үзэж байна.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “УИХ-ын байнгын хороо, чуулган хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Н.Батбаяр сайдын асуудлыг өнөөдөр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан  байна. Уг нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэж, 14 хоногийн дотор шийдвэрлэдэг байх ёстой. Удаа дараа учир шалтгаан тоочин асуудал хэлэлцэх хурлыг хойшлуулж байгаа нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой юу гэсэн тавихад хүргэж байна” гэлээ.

Мөн “Байнгын хорооны дарга нь /Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Б.Гарамгайбаатар/ УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу “Долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас холбогдох байнгын хорооны даргыг Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1 дэх заалтыг мөрдөж, бас мөрдүүлж, нэн даруй байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын дарга З.Энхболд болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарт сануулж, шаардаж байгаагаа тэд албан ёсоор мэдэгдлээ.  Хэрэв энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол холбогдох байнгын хорооны даргыг Үндсэн хуулийн цэцэд өгч, дүгнэлт гаргуулах ажээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж