“Гадаад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашиг” цахим санал асуулга үргэлжилж байна
Улсын Их Хурал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гадаад харилцааны бодлого, салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нараар тус тус ахлуулан хоёр ч ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар хүний эрх, аюулгүй байдлыг дээдлэх үүднээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарч байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, консулын болон төлөөлөгчийн газруудад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар явуулж байгаа үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлага, сахилга батыг сайжруулах цогц арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар энэ оны 3 дугаар сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцаж тэнд ажиллаж байгаа монгол иргэдээс санал асуулга авч санал хүсэлтийг нь сонссон юм.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашиг” сэдэвт судалгааны санал асуулгыг Улсын Их Хурлын цахим хуудсаар (www.parliament.mn/polls) явуулж байгаа билээ. Байнгын хороо энэ санал асуулгын цахим линкийг Гадаад харилцааны яамны веб сайт, фэйсбук, твитер, гадаад улсад суугаа 25 Дипломат төлөөлөгчдийн газрын болон гадаад орнуудад байгаа монголчуудын зарим веб сайтад байршуулсан юм. Өнгөрсөн 1 сарын хугацаанд 134 хүн энэхүү санал асуулгад оролцсон байна.
Парламентын цахим хуудсаар явуулж байгаа санал асуулгын явцаас харахад “Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах”, “Гадаадад нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийг монголдоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх”, “Гэр бүлийн гишүүд нь /эхнэр, нөхөр, хүүхэд/ виз авч чадахгүйгээр гэр бүл салалт бий болох“, “Элчин сайдын яам, консулын газрыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх, үйл ажиллагаанд тавих хяналтыг өндөржүүлэх”, “Гадаадад байгаа хүүхэд, залуучуудын хэл, соёл, уламжлал, эх орныхоо талаар мэдлэг мэдээлэлтэй болгох талаар арга хэмжээг тогтмол зохион байгуулах” гэсэн асуудлуудад илүү их санал өгч байгаа нь эдгээр асуудлууд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай болохыг харуулж байна.
Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайд нарыг томилох саналыг Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар зөвшилцөхөд Улсын Их Хурлын гишүүд гадаадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарч, тэдний асуудлыг шийдвэрлэхэд түргэн, шуурхай үйлчилж ажиллах гэсэн үүрэг захиасыг нэр дэвшиж байгаа элчин сайд нарт байнга өгч байна. Харин элчин сайдууд томилогдсоныхоо дараа авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар Улсын Их Хуралд мэдээлэл ирүүлэх талаар тодорхой дэвшил хараахан гараагүй байгаа мөн иргэдээс гаргаж байгаа гомдол, саналууд нь энэ ажил хангалттай түвшинд явагдахгүй байгааг харуулж байна.
Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлээр ахлуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдийн Монгол Улсаас гадаадын зарим оронд суугаа элчин сайд нартай хийсэн цахим уулзалтын үеэр анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадад байгаа хүүхэд, залуучуудын монгол хэл, соёл, уламжлал, эх орныхоо талаар мэдлэг мэдээлэлтэй болгох асуудал байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар зарим Элчин сайдууд Боловсрол, шинжлэх ухааны яаманд удаа дараа хандсан боловч хариу ирүүлэхгүй өнөөдрийг хүрсэн байна.
Иймд Засгийн газар энэ чиглэлд санаачилгатай ажиллаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль бусад шийдвэрийн төслүүдийг боловсруулах ажлыг эрчимжүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Гадаад харилцааны яам Дипломат төлөөлөгчийн газар томилон ажиллуулж байгаа ажилтнуудынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ялангуяа хууль эрх зүйн мэдлэгтэй ажилтнууд томилон ажиллуулахад анхаарах хэрэгтэй байна.
Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар энэ цахим санал асуулгын дүнгээр монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах төрийн бодлогыг тодорхой болгох, цаашид төр, засаг, олон нийтийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөхөд ихээхэн ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглээд гадаадад байгаа монгол иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриаллаа. Санал асуулга үргэлжилж байна.
Эх сурвалж: open.parliament.mn