Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаас гараагаа эхэлсэн "Морьтон Монгол"-н залуус 1140 км замыг туулан Ховд аймгийн Үенч сумын нутагт ирээд байна. Тэд өнгөрсөн нэг сарын хугацаанд Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд зэрэг дөрвөн аймгийн нутгаар дайран өдгөө 11 дэх сумандаа ирээд буй нь энэ юм.
Морьтон залуус өдөрт дунджаар 60 орчим км замыг туулж буй бөгөөд Монгол орныхоо үзэсгэлэнт байгал, ховор ан амьтдаар нүд хужирлан сэтгэл сэргэг яваа гэнэ. Тухайлбал Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт тахийн сүрэгтэй тааран, хоёр ч унаганд нь нэр өгч амжсан байна. Монгол Улс 1992 оноос хойш гурван газар тахь үржүүлэн нутагшуулж буй бөгөөд нэг нь Говийн их дархан газрын Б хэсэг буюу Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дахь тахь үржүүлгийн төв юм. Энд 10 гаруй азарга /мөн сүрэг хэмээн нэрийддэг/ бүхий 100 гаруй тооны тахь байдаг. Төслийн залуусыг очих үеэр Аптек хэмээх азарганы Алтай нэртэй гүү унагалж , эр унага төрүүлжээ. Залуус түүнийг "Морьтон" хэмээн нэрлэж, Золбоо хэмээх өөр нэгэн гүүний эр унагыг "Хийморь" хэмээх нэрийдсэн байна. Бугат сумын нутагт тааран нүд баясгасан өөр нэг ховор зүйлийн амьтан нь хулангийн сүрэг байсан гэнэ лээ.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цагаанхайрхан ууланд янгирын сүрэгтэй таарч, Монгол орны газрын зургийн хэлбэр бүхий сэнжит хад, морьтой хүн бүхлээрээ багтдаг агуй зэрэг байгал эхийн бүтээсэн гайхалтай урлангуудыг үзэж сонирхсон байна.Харин Ховд аймгийн Алтай сумын нутагт орж ирээд улаан номонд дархлагдаад буй хар сүүлттэй таарч гэрэл зурагт мөнхөлжээ. Ийнхүү хараа булааж, нүд баясгасан байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, ховор сонин амьтадтай алхам тутамдаа таарч уйдах завгүй яваа залуусын яг одоо үдлээд буй Ховд аймгийн Үенч сум бол Захчин ястангуудын өлгий бөгөөд улсын тэргүүний сумаар шалгарч байжээ. Олон угстааны өлгий Ховд аймгийн таван суманд Захчин ястангууд суурьшдаг бөгөөд "Морьтон Монгол" төслийн залуус тэдний аж байдал, ёс заншилтай нь танилцаж буй гэнэ.
Энэ зуур Үенч сумын уяачид хурдан морины зүтгэлтнүүд залуусын морьдыг нь тахалж буй талаар аяллын багийн гишүүн, фото зурагчин Ч.Ганболд бидэнд хуваалцлаа.
Дашрамд сонирхуулахад 30 гаруй хоног аялж, говь, хангай бүхий 1140 км замыг туулаад байгаа төслийн залуусын унасан морьд улдах нь олонтаа байгаа бөгөөд очсон газрын уяачид морийг нь солих тахлах зэргээр чин сэтгэлийн тус хүргэж байгаа гэнэ. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уяачид дугайны хаймраар тах хийж өгсөн бол Үенч сумынхан морьдыг төмөр тахаар тахалж байгаа аж. Аялал эхэлсэн Өмнөговь, Баянхонгор аймгуудын говийн сумдаар газрын гарц тааруу морьдоо овьёос, хивгээр тэжээж байсан бол Говь-Алтай аймгийн Цээл, Цогт зэрэг сумдаас эхлэн газрын гарц сайжирч шинэ ногоогоор хооллож байгаа гэнэ. Улаанбаатар хотоос 13 морьтой хөдөлсөн залуус Монголын Жудо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Энхболдын бэлэглэсэн хоёроос бусад 11 морио сольж юүлсэн бөгөөд гарсан цагаас хойш 1140 км замыг туулаад буй энэхүү хоёр хүлэгтэйгээ аяллаа дуусгах зорилго тавьж байгаа гэнэ.
Удам дамжсан уяачдын нэг Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Алдарт уяач Туваанжавын Гантөмөр, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Монгол Улсын начин Ду.Батбаяр нар морьтон залуусын аяллыг дэмжин, адуун сүргийн дээжээс нутгийн ах дүүсээрээ дамжуулан бэлэглэсэн бол төслийн багийнхныг санхүүжүүлж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга Ховд аймгаас хоёр морь авч бэлэглэсэн байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Г.Батмөнх морины эм бэлдмэл тэргүүтэн өгсөн нь ач тусаа өгч байна. "Морьтон" дэлгүүрийн бүтээгдэхүүнүүд аргагүй сайн юм" хэмээн төслийн багийнхан бидэнд мэдээллээ.
Тэд маргааш Булган суманд байх бөгөөд 2-3 хоногийн дараа Баян-Өлгий аймагт очсон байна гэнэ. Аялагчдын буулгасан сонирхолтой гэрэл зургийг тайлбарын хамт цувралаар хүлээн авч үзээрэй.
М.МӨНХ
Эх сурвалж: www.todmagnai.mn