Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой энэ жил тохионо. Саяхан олон нийтийн дунд хурдан морины уралдааны замыг өөрчлөх гэж байгаа тухай яриа гараад байгаа. Монголын морин спорт, уяачдын холбооны зөвлөх, доктор А.Баярмагнайтай уулзаж, энэ талаар ярилцлаа.
-Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны замыг өөрчлөх, морьдыг хагас тойрог замаар уралдуулах санал зарим хүмүүст байгаа бололтой. Ингэж өөрчлөх нь зөв үү?
-Энэ жилийн хувьд чухам юу болгож манаргаж байгааг би сайн мэдэхгүй. Надад энэ талаар мэдээлэл ч байхгүй байна. Ер нь арав гаруй жилийн өмнөөс ийм нэг санааг ярьж, зураг загвар хийсэн хүмүүс байгаа л даа. Зарим жил нилээн хүч авч, Засгийн газраас ч дэмжлэг хүлээж, санхүүгийн туслалцаа авч байсан ч удаа бий. Тэгээд ч нэг их сүрхий юм болоогүй л юм.
-Та жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
-Барианыхаа хавиас шууд ухасхийж гараад, уралдааныхаа явцад хагас эргээд бариандаа орохоор хийсэн тийм зураг төсөл байдаг юм. УИХ, Засгийн газарт байгаа голдуу уяачид их дэмждэг, харин жинхэнэ өөрөө морио гардан уядаг уяачид, мөн зарим гишүүн, сайд уяачид эсэргүүцдэг. Ийм л асуудал яригдсаар нилээд хэдэн жил болчихлоо.
-Та түрүүн яриандаа Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авсан гэж ярьсан?
-Тийм ээ, нэг жил тэр зураг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж тайлбарлаад тэр нь дэмжигдэж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс ч билүү 117 сая төгрөг гаргуулж, “Аравгар хээр” холбооны дансанд шилжүүлсэн юм.
-Тэгээд юу болсон бэ?
-Тэгээд яахав дээ, болсон бүтсэн юм нь гэвэл одоогийн энэ гарааны төхөөрөмж болов уу? Энэ ч яах аргагүй хэрэгтэй, сайн зүйл л дээ.
-Зуу гаруй сая төгрөгөөр ердөө л үүнийг хийсэн гэж үү?
-Тийм ээ, тийм. Авсан мөнгө нь төдий тоотой боловч хүрсэн үр дүн нь тодорхой харагдахаас энэ л юм. Би өөрөө яг гардалцаж яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Мэдэх нэг нь мэдэж, тооцох газар нь тооцож байдаг биз дээ. Ер нь шулуун замын, холын зайн, хүүхэд унадаг гэдгээрээ Монголын хурдан морины уралдаан бусдаас ялгардаг онцлогтой. Дэлхийн болон Азийн морин уралдааны холбоодын хурал, чуулганд оролцож явахад тив, дэлхийн морин уралдааны нэртэй зүтгэлтнүүд бидэнд энэ уламжлалт уралдаанаа эвдэж гажуудуулалгүй, унаган төрхөөр нь авч үлдэхийг л захидаг юм шүү дээ. Тэгээд ч ЮНЕСКО яг энэ төрхөөр нь “Хүн төрөлхтний соёлын үнэт өв” гэж бүртгэсэн байдаг. Манайхан л өөрсдөө мөнгө зардалгүй хийж ирсэн ажилдаа их мөнгө төсөвлөж, түүн дээрээ “ажиллах”-ын тулд уламжлалаа эвдэж, тийм ийм юмыг, тэгж ингэж сайжруулна гэж давхидаг ч байж болзошгүй. Энэ жилийнх ч тиймэрхүү л юм байгаа биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Т.ДАРХАН