Суманд ажиллах залуус үнэмлэхээ гардаж авлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Суманд ажиллах залуус үнэмлэхээ гардаж авлаа

-Сумын залуус”, “ Ажлын гараа” төслүүдэд хамрагдсан залуус маргааш ажилдаа гарна-

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Хөтөлбөрийн 2014 оны нээлтэд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат болон зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд, хамрагдаж байгаа оюутан, залуус оролцсон юм. Энэ үеэр “Сумын залуус” төсөлд хамрагдсан 21 аймгийн 330 сумдад ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, ажиллах удирдамжийг хүлээлгэн өглөө. Мөн Бүтээн байгуулалтын салбарт бригадын зохион байгуулалтаар ажиллах залуучууд өнгөрсөн сараас эхлэн ажилдаа гарсан бол “Сумын залуус”, “Ажлын гараа” зэрэг төслүүдэд хамрагдаж буй оюутан, залуус маргаашнаас эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгийг зорих юм байна.

2013 онд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, ”Цагийн ажил” зэрэг төслүүдэд нийт 3000 гаруй залуус хамрагдан зуны амралтын хугацаанд цагийн болон байнгын ажил хийсэн. Тэгвэл энэ жил “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Бүтээн байгуулалт-2014” төсөлд нийт 10 мянган оюутан, залуусыг хамруулах ажээ. Дээрх төсөл хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлж, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж