Рапс тариалалт төлөвлөснөөс хэтэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Рапс тариалалт төлөвлөснөөс хэтэрчээ

-Энэ жил нийт 30 мянган га талбайд рапс тариалах гэрээг хийсэн боловч энэ хэмжээ 65 мянгад хүрчээ-

Газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд гай болсон рапсын тариалалтыг энэ жил яах бол гэж сонирхох хүн багагүй байна. Өнгөрсөн жил ургац алдсан нь рапс тариалалтад шунасантай холбоотой буюу 70 мянга орчим га газарт рапс тарьсантай холбон тайлбарладаг. Энэ нь даамжраад дотоодын улаан буудайгаар бүрэн хангах үндэсний зорилтыг ухрааж, 100 мянган тонн үрийг гаднаас импортлоход хүргэсэн гэж шүүмжлэх хүмүүс ч бий.

Энэ хаврын хувьд утариалалт тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн бөгөөд 276,6 мянган га-д үртариа, 10.0 мянган га-дтөмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо,65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалалт хийсэн байна. Хувь хэмжээгээр авч үзвэл, үр тарианы тариалалт 90.7 хувь, хүнсний ногоо 66.1 хувь, төмс 65.1гаруй хувьтай байгаа. Ийнхүү үр тарианы тариалалт дуусч байгаа бол төмс, хүнсний ногооны тариалалт цаг агаарын шалтгаанаар 8-9 хоног хойшилж эхэлсэн тул дуусаагүй байна. Энэ жилийн хувьд рапс тариалалтаар өмнөх жилүүдийн алдааг давтахгүйн тулд нийт тариалалтын талбайн 15-20 хувиас хэтрэхгүй байх шаардлага тавихталаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлж байсан. Ингэхдээ рапс тариалалтын хэмжээг тухайн аймгийн удирдлагуудтай гэрээ хийж, дараа нь ямарваа зөрчил гаргасан тохиолдолд гэрээгээ барьж хариуцлага тооцох юм гэсэн.

Рапс тариалалт төлөвлөлтөөс хоёр дахин давжээ

Энэ жилийн тариалалтын хувьд мөн л таагүй мэдээ сонсдлоо. Тариалалт эхлэх цагаар рапс дээд тал нь нийт тариалалтын талбайн 15 хувиас хэтрэхгүй байна гэж байсан бол сүүлд сонсоход 20 хувиас илүүгүй байх ёстой гэх юм. Олон улсад бол рапс тариалалтын хувь хэмжээ дээд тал нь 20 хувь байдаг ч хязгаар нь ийнхүү зөрүүтэй сонсдох нь бизнес хийж хөлждөг хүмүүст аятай боломж өгч байгаа мэт.

Тавдугаар сард эхлүүлсэн тариалалт шувтарч байгаа тул хэн, хаана, хэдий хэмжээгээр тарьсан нь тодорхой хэмжээгээр мэдэгдэх цаг. Тэгвэл энэ жил нийт тариалалтын талбайн 30 мянга га-д рапс тариалах гэрээг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас аймгуудын удирдлагуудтай хийсэн ч одоо 65 мянган га талбайд тариалсан байгаа ажээ. Тариаланч, аж ахуйн нэгжүүд тариалалтын төлөвлөгөөгөө зөрчиж, ийнхүү хоёр дахин давсан хэмжээний рапс тарьжээ. Үүгээр тариалангийн гол бүс нутгуудыг дурдъя.

Сэлэнгэ аймагт гэхэд энэ жил нийт 154 мянган га талбайд үр тариа, тосны ургамал тариалахаас 126 мянган га талбайд улаан буудай, 27 орчим мянган га талбайд тосны ургамал тарьсан байна. Ингэснээр рапс тариалалт нийт талбайн 16-17 хувийг эзэлж байгаа юм.

Дорнод аймагт гэхэд 18.2 мянган га талбайд рапс тарьсан байна. Үүнээс дан ганц “Алтай” групп гэхэд 6000 га талбайд улаан буудай тариална гэж мэдэгдэж төлөвлөгөө өгөөд 4000-5000 га талбайграпс руу шилжүүлж тарьсан талаар албаныхан хэлсэн юм.

Төв аймагт 70 мянган га-д үр тариа тариалахаас  9000 га талбайд рапс тариалжээ. Урьд нь Төв аймагт хоёр компани бүх талбайдаа рапс тарьсан тохиолдол ч  гарч байжээ.

Ер нь багахан талбайд рапс тарьж байгаа бол ч яахав. Нутгийнхаа тариалалтын ихэнхийг хийж буй компани гэхэд дангаараа шахуу рапс тариалж байгаа нь харамсалтай.

“Төлөвлөгөө зөрчсөн нөхөдтэй намар хариуцлага тооцно”

Монголчууд атар газар эзэмшээд 50 гаруй жилийг ардаа орхисон. Энэ хүртэл  орчин үеийн техник, төхөөрөмжид найдалгүй цэвэр хөдөлмөрөөрөө зүтгэж, улсын хүнсний хэрэгцээг мөнгөний нүдээр харалгүй өдийг хүргэсэн гэдэг. Гэтэл заавал хөрсөнд хор хөнөөлтэй рапс тариалалтад хошуурч, улсад тайлан, балансаа буруу өгч, араар нь хөлждөг хүмүүст хариуцлага тооцох цаг болсон байна. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ “Хуулинд газар төрийн өмч гэж заасан хэвээрээ байгаа тул дур зоргоороо авирладаг аж ахуйн нэгжүүдэд хуулинд зохицуулалт хийж, хариуцлага тооцох ёстой. Энэ жилийн хувьд тариалах хэмжээнээсээ хэтрүүлсэн рапсыг  одоо ухаж авна гэж байхгүй. Намар ургац хураах цагаар аймгуудын удирдлагуудтай хийсэн гэрээний дагуу хэн хэдий хэмжээний газарт тариалалт хийх нормоо хэтрүүлсэн гэдгээр нь хатуу хариуцлага тооцно.  Энэ нь зах зээлийг хориглож, газар тариалангийн салбарыг хумихдаа биш, том нэг компани зөвхөн ашгийн төлөө газар тариалангийн салбарт ажиллах нь улсад хөнөөлтэй” гэж хэлсэн юм. Ийнхүү анх үр тариа, хүнсний ногоо тарина гэж зөвшөөрөл аваад, бас хөнгөлөлттэй зээлд хамрагдчихаад төлөвлөгөөгөө зөрчиж рапс тариалах, эсвэл рапс тарих хэмжээгээ хэтрүүлсэн нөхдийг албаныхан “шүдэндээ зуусан” байна.

Хөрсний дайсанчийг хамгаалдаг гэв үү?

Тосны ургамал дотроо төрөл зүйлтэй ч одоогоор зөвхөн рапс тарьж байгаа ажээ. Энэ нь хөрсний үржил шимийг сордог, тарьсан газар нь ойрын жилдээ ахиж тариалалт хийж болохгүй болтлоо шим тэжээл нь мууддаг гэдэг. Гэтэл хөрсийг үржил шимгүй болгож хаяхаас илүү ашгийг нь бодсон хүмүүс энэ тариалалт руу хошуурцгаах болов. Рапсын нэг га талбайгаас хураан авах хэмжээ болон үнэ ханшийг улаан буудайтай харьцуулж тодруулъя.Нэг тонн улаанбуудайг 400 орчим мянган төгрөг, рапсыг 700-900 мянган төгрөгөөр худалддаг аж. Харин нэг га талбайгаас хураан авах хэмжээний хувьд рапс 6-8 центр, улаанбуудай 14 центр ажээ. Рапсын худалдах үнэ ханш буудайтай харьцуулахад өндөр ч нэг га талбайгаас хураан авах хэмжээ ийнхүү бага юм байна. Мөн улаанбуудайгаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаавал тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал нэмж авна гээд эдийн засгийн үр өгөөжийг нарийн бодвол монголчуудад улаанбуудай маань л илүү гэдгийг туршлагатай тариаланчид хэлцгээх юм билээ. Монголчууд улаанбуудайгаа тариад сурчихсан. Гэтэл рапс тариалалтаар туршлага, техник хэрэгсэлгүй учраас ургацаа алдах нь энүүхэнд бөгөөд ахмад агрономичид “Мэддэг болоод рапсаар оролдох хэрэгтэй” гэж байсан юм.

Хөрсний шим тэжээлийг “ховх” сордог гэх рапсыг зөв тарьвал  нөгөө талаараа хөрсний чийгийг хадгалдаг гэнэ. Рапс өндөрт ургаж, цэцэглэвэл нарны туяаны халхавч болж, хөрсөндазотыг шингээж, чийг агаарт ууршихаас хамгаалдаг тухай албаны хүн хэлсэн. Мөн рапсыг зөвхөн тосны ургамлаар ашигладаггүй техникийн тос, зөгий, мал, шувууны тэжээлд ашиглаж болдог байна.

Ямартай ч аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр гай болдогийн адилаар рапс тариалалтыг зөв хийвэл төрөөс хорихгүй ч улсорны амьдралд рапс илүү юу, улаан буудай илүү юу гэдгийг хэн бүхэн мэдэх биз. Харин улсад худлаа төлөвлөгөө өгдөг нөхдүүд хариуцлагаа ургац хураах цагаар хүлээнэ гэдгийг албаныхан давтан хэлсээр.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж