Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ өнгөрсөн шөнө Өмнөд Америкийн өрсөлдөгч Чилийн багийг 3:0-ээр бут ниргэж, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. Хэсгийн тоглолтод уламжлал болсон гайхалтай тоглолтоо төдийлөн гаргаагүй бразилчууд өнгөрсөн шөнө Йоханнесбургт болсон тоглолтод өндөр техник, ур чадвараа гайхуулж, өрсөлдөгчдөө томоохон сануулга өгсөн юм. Тоглолтын турш Жуан, Луис Фабиано, Робиньо нар гоолджээ.
Өдгөө шигшээ багаа дасгалжуулж буй Бразилийн шигшээ багийн түүхэн дэх агуу тоглогчдын нэг Дунга тоглолтын дараа “Бид бүх байрлалдаа сайжрах хэрэгтэй байгаа. Гэхдээ Чилийн эсрэг хийсэн тоглолт сайхан боллоо. Хөлбөмбөгт дуртай хэн бүхний хүсч байгаа нээлттэй тоглолтыг гаргахыг бид хичээж байгаа. Тоглогчид маань сайн байлаа, ялангуяа довтлогчид” хэмээн ярьжээ. Улаан картаар торгуулж, нэг тоглолт өнжсөн Кака багтаа эргэн ирсэн бөгөөд бразилчууд 34 дэх минутад эхний гоолоо оруулсан. Баруун жигүүрийн хамгаалагч Майкон төвийн хамгаалагч Жуанд хөндлөн дамжуулалт өгч, улмаар Жуан ирсэн бөмбөгийг мөргөж, хаалганд оруулжээ. Гоолоос хойш ердөө дөрвөн минутын дараа Бразил хоёр дахь гоолоо оруулсан бөгөөд энэ удаад бразил маягийн тоглолт цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг баясгасан. Робиньо, Кака, Фабиано нар гайхалтай хослол үзүүлж, Фабиано багийнхаа тэргүүллийг бататгасан бөгөөд 59 дэх минутад Робиньо дэлхийн аваргын шилдэг гоолуудын нэгийг оруулснаар тоглолтын цэгийг тавьжээ.
Харин 1962 онд нутгийнхаа дэвжээнд хагас шигшээд шалгарч байсан Чилийн шигшээ өрсөлдөгчийнхөө нягт зохион байгуулалттай хамгаалалтыг эвдэж чадаагүй. Бразил ийнхүү найм дахиа дараалан Чилийн багийг буулган авч байгаа бол Чили дэлхийн аваргыг орхисон анхны Өмнөд Америкийн баг болж байна. Бразилчууд ирэх даваа гаригт Голландын багтай тоглох бөгөөд дасгалжуулагч Дунга энэ тулааны талаар “Голландыг хожиход хэцүү гэдгийг бид мэдэж байгаа. Тэд сайн техниктэй, яг л Өмнөд Америкчууд шиг тоглодог” гэжээ.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ