Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэдэг байгууллагууд хамтран “Цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд цагдан хорих арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт, Цагдан хорих арга хэмжээг хэрэглэж буй шүүхийн практикийн өнгөрөгч онуудын статистикийн мэдээнд хийсэн дүн шинжилгээ, хүний эрхийг хангах туршлага зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн юм.
2013 оны байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу 1989 хүнийг сэжигтнээр тооцож, 1621 хүнийг яллагдагчаар татаж, 3610 хүнийг цагдан хорьсон байна. Мөн сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр сэжигтэн яллагдагчаар татсан хүний тоонд бууралт ажиглагдаж буй гэнэ.
Хэлэлцүүлгээс өнөөгийн практикт цагдан хорих арга хэмжээг авч буй үндэслэлүүд нь хэр оновчтой, хүний эрхийн нийтлэг шалгуурыг хангаж байгаа эсэх, цагдан хорих арга хэмжээг зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр буюу шийдвэрээр авч байх олон улсын зарчмыг хангаж буй эсэхийг хэлэлцэж зөвлөмж гаргасан байна. Онцловол, гэм буруу нь шүүхээр нотлогдоогүй тохиолдолд аливаа этгээд, тэр дундаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл, гэм буруугийн талаар олон нийтэд мэдээллэх хэвлэлийн хурал хийх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчих, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай учраас ийм үйлдэл хийхгүй байхыг зөвлөмжиндөө тусгаж.
Энэ талаар хэлэлцүүлгийн үеэр онцолж “Жишээ нь хэвлэл мэдээллээр хэн нэгнийг нь гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад нийгэмд сөрөг уур амьсгалыг бий болгодог. “Гансүх 22 өмгөөлөгчтэй оролцож байна гэх зэргээр шүүмжилж бичдэг. Бүр үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад цагдан хориулах гэдэг” гэсэн мөн.
Мөн зөвлөмжинд “дүүргийн анхан шатны шүүх дээр нэг шүүгч цагдан хорих асуудлыг дагнан хариуцаж байгааг өөрчилж шүүгчид тойргийн журмаар хувиарлан өгч шийдвэрлүүлдэг зохион байгуулалтад шилжих, прокурор цагдан хорих зайлшгүй шаардлагатай байгааг нотолсон хууль ёсны нотлох баримтаа шүүхэд гаргах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд холбогдох баримт мэдээллийг шүүгчид заавал танилцуулах” зэрэг арав гаруй санал, зөвлөмж буй аж.
Хүний эрхийн байгууллага, өмгөөлөгчдийн зүгээс үйлчлүүлэгч иргэний эрхийн зөрчил байсаар байгаа, цагдан хоригдох нь хуульд заасан үндэслэлээр биш үзэмжээр шийдэгддэг тухай гомдоллож, өмгөөлөгчийг оролцуулан мэтгэлцэх зарчмыг хангадаггүй гэж шүүмжилж байсан бол шүүгч, прокурорын төлөөллөөс үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн “ихэнх хүн цагдан хоригдсон, таслан сэргийлэх арга хэмжээ авахаас өмнө өмгөөлөгч авдаггүй. Дараа нь өмгөөлөгч авдаг. Хуулийн дагуу өмгөөлөгч мэтгэлцэх ажиллагаанд оролцох эрхтэй, хязгаарлагдсан зүйл байхгүй” гэж байв.
Б.ЭНХ