“Улбар шарууд” дараагийн шатанд

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

“Улбар шарууд” дараагийн шатанд

“Улбар шарууд” дараагийн шатанд

Арьен Роббен, Уэсли Снейдер нар гоолдсоноор “Улбар шарууд” 2:1 харьцаатай Словакийн багийг хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. Өнгөрсөн шөнө Дурбан хотын Мосес Мабхида цэнгэлдэхэд болсон E хэсгийн ялагч Голланд болон F хэсгээс хоёроор шалгаран гарсан Словакийн багийн тоглолтод Роббен 18 дахь минутад багтаа тэргүүлэл авчирсан бол 84 дэх минутад Снейдер багийнхаа ялалтыг бататгажээ. Роббены хувьд гэмтлийн улмаас дэлхийн аваргын нэг ч тоглолтод гарааны 11-т багтаагүй бөгөөд шаардлагатай үед сэлгээгээр талбайд гарч байсан ч энэ удаагийн хариуцлагатай шийдвэрлэх тулаанд дасгалжуулагч Марвейк түүнийг гарааны 11-тээ багтаасан байв.

Тоглолтын эцсийн мөч хүртэл хаалгандаа гоол алдаагүй байсан Улбар шаруудын хаалгыг эцсийн шүгэл дуугарах мөчид Виттек торгуулийн цохилтоор мялаажээ. Тэрбээр ийнхүү дэлхийн аваргын дөрөв дэх гоолоо оруулж, мэргэн буучдын эгнээнд багтсан хэвээр үлдлээ.

1993 онд Чехословакаас салж, тусгаар тогтносон улс болсон Словак анх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөсөн ч чамлахааргүй амжилт гаргаж, хэсгийн тоглолтдоо дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээг 3:2-оор буулган авч, улмаар шөвгийн 16-д 1974 болон 1978 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Голландын шигшээ багт ялагдсанаар нутаг буцаж байна.

Энэ тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан Роббен 18 дахь минутад баруун жигүүрт Снейдерээс бөмбөг хүлээн авч, хоёр хамгаалагчийн дундуур солгой хөлөөрөө цохиж, өрсөлдөгчийнхөө хаалганд эхний гоолыг оруулжээ. Тоглолтын дараа Словакийн шигшээ багийн дасгалжуулагч Владимир Вайсс “Бид Роббеныг хэрхэн хамгаалах талаар гурван хоног бэлдсэн. Гэхдээ тэр үнэхээр агуу тоглогч юм. Ямар үед юу хийх ёстойгоо маш сайн мэддэг тоглогч, тийм ч учраас дэлхийн шилдэг клубуудэд тоглож явсан байх. Түүний нэр гарааны 11-т багтсан байхыг хараад голландчууд 50 хувь илүү хүчирхэг болж дээ л гэж бодсон” гэжээ.

Эхний гоолоос хойш Улбар шарууд ерөнхийдөө хамгаалах тактикт шилжиж, ухарч тоглож эхэлсэн. Хоёрдугаар хагасын эхэн үед Роббенд дахин гоолын боломж тохиосон ч энэ удаагийн сул цохилтыг хаалгач Ян Мука амжилттай хаасан юм.

Тоглолт өндөрлөх мөчид Словакийн шигшээ торгуулийн цохилтоор тооны харьцааг 2:1 болгосон. 11-ийн талбай дотор хаалгач Мартен Стекеленбург Мартин Якубко дээр алдаа гаргаснаар шүүгч торгуулийн цохилт цохих эрх олгосноор Виттек багтаа нэр төрийн гоолыг авчирчээ.

Тоглолтын дараа “Улбар шарууд”-ын дасгалжуулагч Берт ван Марвейк “Тоглолтын сүүлийн хагаст бид сайн байлаа. Хэрвээ хоёр дахь гоолыг оруулж чадаагүй бол тоглолт үнэхээр сэтгэл догдлуулах байлаа. Гэхдээ бидний хоёр дахь гоол тоглолтын хувь заяаг шийдчихсэн” хэмээн ярьжээ.

Ийнхүү 23 тоглолтод дараалан нэг ч ялагдал хүлээгээгүй Голландын шигшээ ирэх даваа гаригт Йоханнесбург хотноо шөвгийн дөрөвт багтахын төлөө дэлхийн таван удаагийн аварга Бразилийн багтай тоглох болж байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж