Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс /ЗЗОБ/ Макаогийн Аюулгүй байдлын Нарийн бичгийн даргын Тамгын газрын дарга Вонг Чун Фат нар 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хүн худалдаалахтай тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Макаогийн ЗЗОБ-ийн хооронд 2010 онд байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор ажил хэргийн уулзалт хийв.
Уулзалтад Монголын талаас Тахарын Ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын, хэлтсийн дарга Б.Батзориг, Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонгконгт суугаа Ерөнхий Консулын зөвлөх С.Ганбат, Консул З.Баттүшиг, Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ-ын төслийн менежер Ж.Батзаяа нар оролцов.
Уулзалтын үр дүнд хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын талаас санал болгосон Үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг эцэслэж батлах, дараагийн уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод хийхээр тохиролцов гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.