Зун цаг болоход хүмүүсийн хооллох дур сонирхол буурдаг. Гэсэн ч заримдаа бид хэт их амттан идэх, буруу хооллох тохиолдлууд гардаг. Энэ нь хүний эрүүл мэнд болон гоо сайханд сөргөөр нөлөөлнө. Тиймээс аль болох тогтмол цагт эрүүл хүнсээр зөв хооллож байгаарай бүсгүй минь… Ингээд танд зун цагт хэрхэн хооллох талаар зөвөлгөөг хүргэе!
Нэг: Шинэ ургацын жимс жимсгэнэ, хүнс ногоо тогтмол ид!
Зуны улирал бол бие организмыг биологийн үнэт бодисоор хангах гайхамшигтай боломж юм. Зуны улиралд хөлдөөсөн бүтээгдэхүүн, консерв, лаазалсан, утсан мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь өөрийн бие организмоо гэсгээн цээрлүүлж буй хэрэг юм.
Хоёр: Өдөрт хоёр литрээс доошгүй хэмжээтэй шингэнийг байнга уу!
Зуны улиралд шингэн зүйл аль болох их уух хэрэгтэй. Ялангуяа ногоон цай, эрдэст ус уухад бие организмаас алдагдах эрдэс бодисыг нөхөхөд нэн тустай. Шингэн зүйлийг янз бүрийн хувилбараар ууж болно. Нимбэгээр баяжуулж уувал маш сайн. Хийжүүлсэн, чихэрлэг ундаа, жүүс, архи дарс, пиво, найруулж уудаг хуурай жимснээс эрс татгалз. Эдгээр нь хэт илчлэг бөгөөд амны цангааг огт гаргадаггүй болох нь нэгэнт тогтоогдсон.
Гурав: Элсэн чихэр, давсыг маш бага хэрэглээрэй!
Зуны улиралд амтлаг зүйлд хэт хорхойсох нь нэн аюултай. Хүмүүс ам цангалаа хэмжээнээс илүү ундаа жүүс уух нь бий. Нэн ялангуяа хүүхдүүд зуны улиралд зайрмаг, коктеиль, янз бүрийн чихэрлэг ундаанд илүүтэй дурладаг. Мэдээж үүний үр дүнд илүүдэл өөхөн хуримтлал бий болдог. Харин давс илүүдэхэд бие организмын зүйл ихсэж усан хаван үүсдэг.
Дөрөв: Өөх тостой хоол бүү ид!
Зун их халуун байдаг тул хэт илчлэг, тослог хоол идэхээс татгалзах хэрэгтэй. Цаг агаарын тааламжтай байдалд зохицуулан өвлийн улиралд тэр бүр хэрэглээд байдаггүй байцаа, лууван, хүрэн манжин зэрэг хүнсийг түлхүү хэрэглэхийг хичээ. Цагаан идээг өдөр тутам хэрэглэх нь чухал. Цагаан идээ их хэрэглэхэд эм тариа нь бие организмаас түргэн гадагшилдаг зуны улиралд эд эрхтнээ цэвэрлэх боломжийг бүү алдаарай.
Эх сурвалж: www.emegteichuud.mn