УИХ-ын нэр бүхий гишүүд “Өглөөний цай” клуб байгуулсан юм байна. Тэд товолсон ёсоороо өнөөдөр өглөөний цайгаа хамт ууцгаажээ.
“Өглөөний цай”-нд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Батцогт, Г.Уянга, Р.Бурмаа, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн нар хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр клубын гишүүд Ашигт малтмалын тухай хуулиар санал солилцжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Одоогийн хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын нөөц үндэсний бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхүйц төрийн эзэмшлийн хэмжээ 34-50 хүртэл хувь гэж байгаа. Энийг эзэмшинэ гэдэг нь төр өөрөө хөрөнгө гаргаж хувиа худалдаж авах болж байна. Агуулгаар нь ярих юм бол ордын баялаг нь Монголын баялаг. Энийг бид худалдаж аваад 50 хувийг эзэмшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Энэ баялаг өөрөө үнэтэй, энийг стратегийн ордууд дээр тодорхой оруулж ирэх ёстой” хэмээн үзсэн аж.
УИХ-аар удахгүй Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэнэ, энэ үеэр дээрх асуудлыг “Өглөөний цай” клубынхэн нэлээд хүчтэй тавих бололтой.
Г.ДАРЬ