Намуудтай зөвшилцөнө гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Намуудтай зөвшилцөнө гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, МАН-ын бүлгээс санаачлан батлуулах хуулийн төслүүд болон Газрын тухай хуулийг хэлэлцсэн байна. Сүүлийн үед улс орон ард түмэнд хэрэгтэй амин чухал хуулийн төсөл хэлэлцэхээс илүү сандал, суудлын асуудал УИХ дээр яригдаж байна. Тиймээс улс орон, ард түмэнд хэрэгтэй амин чухал хуулийн төслүүдийн талаар УИХ-ын төвшинд цаг алдахгүй зөвшилцөх шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа гэв. Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг шийдэхгүй бол сандал ширээтэй зууралдсаар цаг их алдаж байгааг  онцоллоо. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд бүгд эдийн засгийн агуулгатай байгаа нь төрийн байгуулалт, нийгмийн хамгааллын салбарын хуулийн төслүүдийг орхигдуулж байгаа учраас энэ чиглэлийн хуулийн төслүүдийг ч хамтад нь хэлэлцэн батлах ёстой гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Үүнээс гадна сөрөг хүчний бүлгийн гишүүдээс санаачлан өргөн барьсан хуулийн төслүүдийг өнөөг хүртэл хэлэлцэхгүй дарагдсаар байгаа гэлээ. Тухайлбал, 2011 онд өргөн барьсан Бүсийн нэмэгдлийн тухай, Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, АН-аас 2012 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ" гэсэн зорилтыг биелүүлэхийг шаардлага, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй явсаар ирсэн.  Тиймээс хэлэлцүүлгийн шатанд хүлээж байгаа улс орон, ард түмэнд хэрэгтэй хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар зөвшилцөх шаардлага үүсээд байна гэж  МАН-ын бүлэг үзсэн байна. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Парламент дахь олонхи МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хүлээж авахгүй байх эсвэл УИХ-ын дарга хүлээж авсан ч гэсэн хэлэлцэхгүй сунжруулж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүд чанаргүй, дутуу түүхий боловсруулснаас болж УИХ-ын босго давахгүй унаж байна. Ашигт малтмалын тухай, Хяналтын тухай, Газрын тосны тухай хуулийн төсөл үнэхээр түүхий болсон. Гэвч олонхи бодлогоо хамгаална гэдэг утгаар асуудалд хандаж байна. Шаардлага хангахгүй ийм хуулийн төслүүдийг битгий хүлээж аваач гэж УИХ-ын даргаас бид шаардаж байгаа. Засгийн газар хуулиа сайн боловсруулаад оруулаад ирвэл МАН-ын бүлэг дэмжиж ажиллана. Харамсалтай нь дэмжихийн аргагүй, тордоод ч сайжирдаггүй хуулийн төслийг өргөн барьж цаг алдаж байна. Иймд улс орон, ард иргэддээ нэн чухал, хэрэгтэй хуулиудыг яаралтай баталъя гэдэг дээр АН-ын бүлэгтэй зөвшилцөхөөр шийдсэн" гэлээ.

Мөн тус бүлгийн хуралдаанаар Газрын тухай хуулиар бэлчээрийн асуудлыг зохицуулах боломжгүй,  бэлчээрийн асуудлаар тусгайлсан хууль гаргах нь илүү оновчтой гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байна. Учир нь бэлчээрийн даац хэтэрсэн, өвсний төрөл чанар муудаж байгаа өнөө үед бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших, ашиглах асуудлыг зохицуулах нь нийгмийн захиалга болж байгаа. Монгол Улсын газар нутгийн 72 хувийг бүрдүүлж буй 112 сая га бэлчээрийн газрыг хэрхэн хуваарьтайгаар эзэмшиж ашиглах, малчдын хооронд үүсч байгаа маргаан мэтгэлцээнийг яаж шийдэх вэ гэдэг асуудлаар ул суурьтай ярилцах ёстой гэж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. Мөн Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг бүрэн бүтэн байх ёстой. Хот суурингийн газрыг гадаадын иргэнд 60 жилээр эзэмшүүлэх, 40 жилээр сунгах эрхийг олгож болохгүй гэж үзэж байгаа гэдгээ илэрхийллээ. МАН-ын бүлэг үдээс хойш хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж