Ш.Түвдэндоржийг дэмжих хэвээрээ байна

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндоржийг дэмжих хэвээрээ байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр үндсэн хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд зарим хуулийн төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах ёстой хэмээн үзжээ. Эл жагсаалтад Ашигт малтмалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, НӨАТ-ын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд багтсан байна. Харин Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль, мөн алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаас алийг нь хувьчлах вэ гэдэг жагсаалтыг оруулж ирж, эдийн засгийг либеральчлахад анхаарал хандуулах ёстой хэмээн үзсэн тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. 

Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд бизнеcийнхэнтэй уулзаж санал солилцох үеэр тэд Засгийн газраас оруулж ирсэн НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон өөрчлөх тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандсан юм байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгт хүргэснээр бизнесийг дэмжих бус харин ч сөрөг үр дагавар дагуулна. Тиймээс хүн бүр, иргэн аж ахуйн нэгж бүр НӨАТ төлөгч байж, түүнийхээ тодорхой хувийг буцаан авдаг болох нь илүү шударга, далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болно хэмээн үзсэн аж. Тиймээс НӨАТ-ын тухай хуулиудыг хэлэлцэх хүрээнд ажлын хэсгийн төвшинд саналуудыг тусгах, энэ хүрээнд мөн судалгааг нарийвчлан хийх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа онцоллоо.

Дээрх мэдээллийг хийсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилуулах асуудалд бүлгийн байр суурь хэвээр үү?

-УИХ дахь Ардчилсан намын байр суурь хэвээр өөрчлөгдөөгүй. Энэ долоо хоногт буюу маргаашнаас байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх нь зарчмын хувьд буруу юм аа гэдэг байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой илэрхийлсэн. Гэтэл эрх баригч хүчин Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсангүй. Үүнийг юу гэж үзэх вэ? 

-Өнгөрсөн хугацаанд бид “Дан, давхар дээл” гэж их ярилаа. Ерөнхийлөгчийн саналыг үл хүндэтгэхгүй, ойшоохгүй  байгаа асуудал угаасаа биш.  Монгол Улс ямар Үндсэн хуультай, түүнийгээ дагалдаж ямар органик хуультай вэ тэр хүрээндээ асуудлыг тавьж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Давхар дээл”-ийн асуудалд байр сууриа хатуу илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг бид “Дан, давхар дээл гэдэг асуудлыг 2016 оны сонгуулийн дараа шийдье” гэж оруулж ирсэн хэмээн ойлгодог.  Үүнийг бид өнөөдөр ч дэмжиж байгаа. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийг ярихдаа нийгэмд илүү ойлгомжтой болгохын тулд 2016 оны Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн УИХ-тайгаа яаж зөв зохицох вэ гэдэг эрүүл шийдлийг хийсэн нэмэлт хуулиудын өөрчлөлтийг хийж болно. Бид ийм эрүүл юм руу явах болохоос өнөө, маргаашийн зөв бурууг шүүсэн юм руу явах ёсгүй. Ерөнхийлөгчийн байр суурь Ардчилсан намын байр суурьд салангид ойлголт байхгүй.

-Сонгуулийн ерөнхий хуулийг боловсруулах ажлыг хэсгийн үйл ажиллагааг энэ долоо хоногоос идэвхижүүлэхээр болсон гэлээ. Сонгуулийн холимог тогтолцоог 50х50 болгоно гэх зүйл сонсогддог. Энэ хэвээр байгаа юу?

-Сонгуулийн хуульд баримталж байгаа бодлого хэвээр. Можаритор, пропорцианаль хувилбараа баримталж явах нь зөв гэж үзэж байгаа. Ажлын хэсэг вариантаа гаргаад ирнэ. Гол нь өнгөрсөн хугацаанд улстөрийн намууд ямар байр суурьтай байна вэ гэдгийг гаргаж ирэхэд нэлээд хугацаа зарцуулсан.  Дараа нь зөвшилцөхөөр сууна.

-Улс төрийн намын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахлаад ажиллаж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ?

-Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд хоёр зүйл дээр тохиролцохгүй байх шиг байна. Тэр нь намын өмчийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа юм байна. Хоёр дахь нь намын гишүүнчлэлтэй байх, байхгүй тухай асуудал мөн маргаан дагуулж байгаа юм билээ. Тийм учраас маргаантай асуудлыг УИХ-д татаж оруулах нь ямар байх бол гэсэн эргэлзээ байгаа. Үүнийг нэг тийш нь болгож чадвал энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэнэ.

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг Засгийн газар боловсруулсан байгаа юу. Цензурийг нь хэрхэн тавих вэ. Эрүүгийн хуульд хамрагдаж байсан хэргүүд өршөөлд нь хамрагдчих вий гэх болгоомжлол байна?

-Эдийн засгийн ил, тод байдлын тухай хууль гэж нэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж бүр өөрийнхөө санхүү болон хөрөнгөө ил тод мэдээлээд цаашид бүх зүйлээ тунгалаг болгох ёстой гэсэн хууль юм.

Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар ямар заалт оруулж ирэх талаар Хууль зүйн яам тодорхой тайлбаруудыг хийх байх. Монгол Улс 2.8 сая иргэнээ өмч хөрөнгөөр нь ялгаварлаад шоронд хийх нь зөв гэж үзвэл бид зөв тийшээ явахгүй. Бидний явах зарчим биш гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй.

-Тендэрийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэхээр ямар зарчимаар шалгаруулалт хийгдэнэ гэсэн үг вэ. Ер нь бол тендэрт оролцох компани төрийн байгууллагуудын албан тушаалтанд шат, шатанд нь 10, 10 хувь өгсөөр эцэстээ ажил хийх мөнгө нь багасдаг гэх яриа их бий?

-Тендэрийн тухай хуулиар бага үнийн зарчмаас татгалзаж, босго үнэ рүү орж байгаа. Өөрөөр хэлбэл, чанарын үнэлгээний стандартыг хангасан нөхцөлд тухайн компанийн чадвахи дээр тулгуурласан үйл ажиллагаан дээр тендэр шалгаруулалт явуулах нь зөв гэдэг зарчим барина. Хуучин хэн нэг даргыг лоббидож, урьдчилгаа мангө авдаг байсан, зураг төсөв, стандартгүй хийгддэг байсныг өөрчилж байгаа. 10 хувь авдаг байсныг би мэдэхгүй, 10 хувь авдаг бол нотолгоог нь гаргаж тавих хэрэгтэй. Гэхдээ Тендэрийн хуульд өөрчлөлт оруулснаар өнөөдөр гарч байгаа завхарлууд арилах ёстой, чанартай ажлыг хүлээж авдаг болох зарчимд шилжих ёстой.

-Зургаан аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажил дээр хоёр аймгийн төсөв мөнгийг танасан гэх мэдээлэл байна. Эсвэл бүгдийг нь ингэж танаж байгаа юм уу?

-Аймгуудыг автозамаар холбож дуусах Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэвээрээ хэрэгжиж байгаа. Концессын тендерийн үйл ажиллагаа ирэх долдугаар сарын 1-нд дуусна. Замын ажил хийгдээд явна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж