Оргилуурыг “оршуулах” цагаар…

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Оргилуурыг “оршуулах” цагаар…

Үд дунд болжээ. Нар эгц дээрээс хорлонтой гэгч нь шарна. Гадаа лавтайяа 35 хэм хүрсэн бололтой. Хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй талбайн хажуу дахь олны хэлдгээр Шангрила буюу Central towerгийн усан оргилуурын өмнө сэрүүцэх гэж цугласан хүмүүс ч чамгүй их. Гэтэл хотын даргын магтаад байсан мөнөөх гоё усан оргилуур ажилладаггүй ээ. Ангасан халууцсан хүмүүс аргаа барахдаа “Яагаад ажиллахгүй байгааг мэдэх үү?” гэж ам амандаа бувтнана. Уг нь энэ бол хамгийн сайн ажилладаг, нийслэлд өнгө чимж буй цогцолбор. Гэхдээ л цагийн хуваарийн дагуу ажиллуулдаг учраас үд хүртэл “унтдаг” юм байна.

 Нийслэлд тоотойхон байдаг усан оргилууруудын дийлэнх нь буюу Их дэлгүүрийн урд талын усан оргилуур, МУИС-ын II байрны урд талын усан оргилуур, III, IV хороололын өнгөрсөн пүрэв гаригт ажилласангүй. Уг нь усан оргилуурыг ажиллуулах гэж л бүтээсэн байлтай. Гэтэл сая гаруй хүн амтай манай хотын оргилуурууд ажиллахаасаа ажиллахгүй нь хачин. Өдий төдий мөнгө хөрөнгө зараад хийчихсэн юм бол зориулалтаараа ажилладаг байх ёстой сон.

Усан оргилуур өөрийн гэсэн энерги ялгаруулдаг бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй хотын “уур амьсгал”-ыг зөөллөх сайн талтай гэдгийг аль өнгөрсөн зууны эхэн үед гадны эрдэмтэд олж нээжээ. Тиймээс гадны оронд “тухайн хотын аль нэг хэсэгт газар авч, барилга барьж байгаа нөхцөлд гадна талдаа усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн заавал барих ёстой” гэсэн дүрэм үйлчилдэг. Япон, Өмнөд Солонгос, Франц, АНУ-ын ямар ч хотод очсон та үүнийг бэлхнээ харж болно. Өндөр хөгжилтэй орныхон усан оргилуур барих гээд байдаг нь цаанаа учиртай.

1970-аад оны дунд үеийн Япон улсын Токио, Осака хотод амиа хорлолтын тоо нэмэгджээ. Улсаас ажлын хэсэг гаргаж, сэтгэл зүйчдийг тухайн хотуудад ажилуулсан боловч асуудал шийдэгдэхгүй хэвээр. Харин асуудлыг сайтар судалсны эцэст сэтгэл зүйчид усан оргилуур олноор нь бий болгохыг зөвлөжээ. Тэдний саналыг Осака хотын удирдлагууд гүйцэлдүүлэхээр болж “усан оргилууд”-ын тоог нэмэх шийдвэр гаргасан байна. Үүнийг сонссон олон нийт “амиа хорлолтыг зогсоож чадахгүй байж юун усан оргилуур” хэмээн шуугиж байлаа. Гэтэл үр дүн нь хэдэн сарын дараа ажиглагдаж, Осака хотын амиа хорлолтын тоо тодорхой хэмжээгээр багасч байсан баримт бий. Хожим усан оргилуурын дэргэд 30 минут саатсан хүний бие,  сэтгэлийн алжаал 60-80 хувь тайлагддагийг барууны судлаачид тогтоожээ.

Саяхан Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба сайшаахуйц нэгэн саналыг гаргасан. Юу вэ гэвэл аж ахуйн нэгжийн дунд гаднах орчноо усан оргилуур болоод цэцэрлэгт хүрээлэнгээр сайн тохижуулах уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан энэ оны аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Иймэрхүү аргаар гадны орнууд “усан оргилуур” барьдаг. Усан оргилуур байгуулахад хотын захиргаа нь тодорхой хэмжээний урамшуулал өгдөг. Тиймээс тэдний оргилуурууд олон бас ажиллагаатай байж чаддаг. Энэ хэдийгээр сайхан сонсогдож буй ч байгаагаа ажиллуулж, амийг нь тасалчихгүйд суралцах нь хамгаас чухал. 

Хоёр жилийн өмнө Улаанбаатар хот сая хүн амтай болж, их хотуудын эгнээнд шилжсэн. Хэдий бид хүн амын хувьд дэлхийн томоохон хотын хэмжээнд зиндаархдаг болсон ч тэдэнтэй хөл нийлүүлэн алхахад дутагдсан хүчин зүйлийг нэг нь усан оргилуур. Ялангуяа манай хот шиг хүн амын нягтаршил их, тоосжилтын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их, жилийн гурван сар л зун болдог хотод усан оргилуур хамгаас хэрэгтэй. Гэхдээ оройтож ирсэн шувуу шиг алгуурхан ирээд ганц нэгхэн өдөр төдийхөн үдлээд яаран оддог шиг бэлэгдлийн чанартай баймааргүй санагдана. Нэгэнт барьсан усан оргилуурыг хариуцаж хийлгэсэн аж ахуйн нэгж, дүүрэг, хороо нь эргээд хяналтаа сайн тавьдаг байх шаардлагатайг сануулах юун.
 Иргэддээ мөнгө өгөх бус энэ мэт зүйлсийг бий болгоход “Эх орны хишиг” чиглэсэн бол ходоодондоо хоолгүй ч сэтгэлээ сэтгэл дүүрэн алхах нь лавтай. Одоо хотын төсвийг үр дүн нь хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй олон төсөл хөтөлбөрт зориулж, байхынхаа оронд цөөхөн ч гэсэн чанартай “оргилуур” барих боломж бий. Үүнд хотын ерөнхий менежерийн үүрэг оролцоо, хотын захиргааны хариуцлагатай ухаалаг бодлого л чухал. Түүнчлэн өмнөхөө сэргээж, одоогийнхоо тордох нь хамгаас чухал. Усан оргилуурыг хотыг харах шингэн толь гэдэг. Басхүү их хотын ялдам сүрчиг  ч гэдэг. Оройтож ирсэн шувуу шиг алгуурлаж амилах оргилууруудаа буцахаа мартсан нүүдлийн шувууд шиг буурал намрыг улиртал ажиллуулбал ямар вэ, хотын дарга аа. Эсвэл “оршуулах” гээд одоог хүртэл “эмнээгүй” хэрэг үү.
 Үхсэн цэцэг шиг гундаж, хогоор дүүрснийг нь цэвэрлэхгүй байсаар хавь ойроор нь явахын аргагүй эвгүй үнэртэх оргилууруудыг амь оруулан ангасан хотынхнын алжаалыг хэзээ тайлах вэ?!

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж