Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Их өсөлт, их халалт

Агаарын температур +35 хэм зааж, их халалт үргэлжилж байх хооронд Монгол улсад махны үнэ 6800 төгрөгт хүрлээ.

Бөмбөгөр худалдааны төвд:

  • хонины ястай мах нэг кг нь 5800,  
  • цул мах нь 5500,
  • адууны ястай мах нь 4300,
  • цул мах нь 4500,
  • ямааны ястай мах 4800,
  • цул мах 4000,
  • үхрийн ясгүй мах 6800,

цул мах 6600 төгрөгт хүрээд байна. Бусад худалдааны төвүүд 100-150 төгрөгний хэлбэлзэлтэй байгаа юм. Нэр бүхий зарим нэг жижиглэнгээр худалдаалдаг дэлгүүрүүдэд нэг кг мах 7200 төгрөгт хүрээд байна. Гэтэл зарим нэг телевизээр махны үнэ 500 төгрөгөөр буурсан гэж мэдээлээд байдаг. Бодит байдал үүний эсрэг байгаа юм. Үндэсний статистикийн газрын зургадугаар сарын 23-ны өдрийн мэдээгээр өмнөх тавдугаар сартай харьцуулахад 0,1 хувиар л буурсан гэжээ.

Нэгэн баримт

АНУ-ын худалдааны том төв болох Волмарт худалдааны төвд үхэр болон хонины мах нэг кг нь 6,0 доллар байгаа юм. Америкт нэг хүн дунджаар 3000-5000 ам.долларын цалинтай, нэг хүнд ногдох ДНБ 46,381 ам доллар. Гэтэл манай улсын нэг хүн дунджаар 250-500 мянган төгрөгний цалинтай, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дөнгөж 1560 ам.доллар юм.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх ганц л  шалтгаан байдаг. Түүхий эдийн хомсдол үүсэхэд үнэ нь нэмэгдэж, тэр хэмжээгээр хэрэглээнд аяндаа хязгаарлалт үүсч арвилан хэмнэлтийн хууль үйлчилж эхлэдэг. Зарим тохиолдолд эдийн засгийн тооцоо судалгааны үндсэн дээр үнээ нэмж, тухайн хомсдол арилсан нөхцөлд буцаагаад бууруулах замаар зохицуулж болох талтай. Гэтэл манайд махны хомсдол үүсээд байсан юм алга, махны үнийг бодлоготойгоор судалгааны үндсэн дээр ч нэмсэн юм алга.

Нэгэнт өссөн үнийг эрэлт, нийлүүлэлтийн хуулийн дагуу буулгаж байх учиртай. Гэтэл манайд уралдаад үнээ өсгөөд байгаа нь ажиглагддаг. Бензиний үнэ нэмэгдэхэд бусад бараа, үйлчилгээний үнэ хэрхэн нэмэгддэг тооцоог Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын газрын тосны асуудал хариуцсан мэргэжилтнүүд гаргасан  байна. Тэдний тооцоогоор бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн тохиолдолд бусад бараа, үйлчилгээний үнэ 1-2 хувиар л өсөх ёстой ажээ. Тухайлбал, нэг литр бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзэхэд талхны үнэ зургаан төгрөг 28 мөнгөөр нэмэгдэх тооцоо гарсан байна. Гэтэл манайхан шууд 20-30 хувиар нэмчихдэг шүү дээ. Энэ бол эрдэмтдийн тооцоо. Бөмбөгөр худалдааны төвийн худалдагчид “Өвөл зуд болоод мал их хэмжээгээр хорогдсон. Бид үнээ нэмээгүй шүү дээ. Цаанаасаа, дээрээсээ нэмэгдээд ирж байгаа. Бид харин 50-100 төгрөгөөр бууруулж зарж байгаа” гэсэн хариултыг өгч байсан юм. Гэтэл “дээр  байгаа хэд” нь буюу албаны хүмүүс “Бид мэдэхгүй дотоод худалдааг аль 1990 онд л чөлөөлсөн шүү дээ гэсэн хариултыг өгч байдаг. Гадаах дулаантай зэрэгцэн өсч байгаа махны үнэнд хэн хариуцлага хүлээх вэ?
Ардчилсан улс гүрнүүд гээд манайх шиг үнийг зоргоор нь орхичихсон улс үгүй л болов уу. БНСУ-д 1970 онд Үнэ тогтоох болон шударга худалдааны тухай хууль баталж, 148 компанийн 247 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг төрөөс хянадаг болжээ. Улмаар бараа, бүтээгдэхүүний үнэ ханш аяндаа тогтворжоод ирсэн тул 1979 онд 58 компанийн 49 бүтээгдэхүүний үнийг хянах болсон байна. БНСУ-д Үнийг төрөөс зохицуулах тухай хууль одоо ч үйлчилж байгаа юм. Тус улсын Шударга худалдааны хорооны газрын дарга Бён Хи Күү “Солонгост үнийн дээд хязгаар тогтоож өгсөн байдаг. Бүтээгдэхүүний үнийн ханшийг энэ хязгаараас давуулсан тохиолдолд гурван жил хорьж, 50 сая воноор торгодог. Хэрэв төрийн байгууллага шалгахаар очиход татгалзсан, эсэргүүцсэн бол арав хүртэл сая воноор торгож, зургаан сар хорьдог” гэж мэдэгдэж байжээ. Ихэнх оронд үнийн дээд хязгаар тогтоох, эсхүл ашигт ажиллагааны төвшинг тогтоож хяналт тавих замаар зохицуулдаг. Яг энэ аргыг АНУ, Шинэ Зеланд зэрэг оронд  мэдээлэл харилцааны салбартаа ашиглаж байгаа.

Энд төр, засгаас гал унтраах замаар бус, бодлогын чанартай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг.  Мэдээж хэрэг, иргэд хэзээ ч машин мотоцикл, алт мөнгө, торго дурдангийн үнийг зохицуулаад өгөөч гэж хэлэхгүй. Гагцхүү мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, шар, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний хүнсний ба гэр ахуйн барааны үнийг зохицуулж өгөхийг төр, засгаас хүсэн хүлээж байгаа юм.

“Үүний тулд нэгдүгээрт, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Ийнхүү монополийн үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавихдаа нийлүүлж байгаа бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлт, гаргаж байгаа бараа, үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалахад анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжид хийх шалгалтыг тогтмолжуулах хэрэгтэй. Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай хууль зөрчсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь хураах, өмнөх жилийн орлогын 10-15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах зэргээр тэдэнд хүлээлгэх хариуцлагыг хуульд тусган өгч чангатгавал зохино” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын ахлах референт асан Л. Батжав зөвлөж байна.

Хүнээсээ олон малтай монгол улсад төр, засгийн зохицуулах ёстой хамгийн гол бодлого бол хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих явдал юм. Гаднах халуун ч яахав одоо намар болоод ирэхээр буурна, бүр хасах градус заана. Харин махны үнэ, цалингаараа авч чаддаг болтлоо хэзээ буурах бол?

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж