Ч.Сангарагчаа: Намайг шалга, бас дахин шалга

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа: Намайг шалга, бас дахин шалга

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга Ч.Сангарагчаа тус газар болон өөрийнх нь нэртэй холбоотой дуулиантай асуудлуудаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхий п­ро­­ку­рор  Д.Дорлиг­жав та­ны толгойдог АТГ-тай хол­­­боотой  ту­шаал гаргаж, Ч.Сан­­­­­­­­гарагчаа нь 16 сая төг­­рөгийг зориулалт бу­саар саун, бассейн зэ­рэгт зар­­цуулсан, байгууллага сан­хүүгийн  зөрчилтэй гэсэн үн­­дэс­лэлээр эрүүгийн хэрэг үүс­гэж шалгуулахаар болсон.  Аж­лын хэсгийг Прокурорын дэр­гэдэх мөрдөн байцаах алба­ны дарга Б.Галдаагаар ах­луулж, хяналт тавих үүр­гийг прокурор Ё.Саг­сайд даалгасан байна. Энэ талаар тайл­бар өгнө үү?

-Улсын ерөнхий прокуророор улс төрийн том нам даргалж байсан хүн томилогдсон. Тэр хүн ажлаа  хуулийн байгууллагыг улс төржүүлсэн хандлагаар эх­лүүлж байна. Энэ бол зохион байгуулалттай, зорилготой үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Манай байгууллагын төсөв, санхүүтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Намайг шалга, бас дахин шалга гэж би хэлсэн. Би өөртөө итгэлтэй байна. Хууль бус ямар ч асуудал байхгүй.

-Таныг ажлаасаа гарах өргөдлөө өг гэж тулгасан уу. Монгол Улсын ерөнхий прокурор асан М.Алтан­хуягтай адил ажлаасаа гарахыг шаардсан гэдэг. Таныг прокурорт хэдэн удаа дуудсан бэ?

-Надад өргөдлөө өгөх ямар ч үндэслэл байхгүй. Өнөө­дөр­төө намайг шахаагүй байна. Гэхдээ энэ нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үр дүнг бууруулах зэрэг нөлөө үзүүлж магадгүй юм. Би насаараа төрийн байгууллагад ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тэр дундаа эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой хэрэгт холбогдож яваагүй. Прокурорт дуудагдаж мэдүүлэг өгөөгүй. Манай хүмүүсээс дуудсан тал бий. Тэд тангараг өргөөд, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс. Авлигатай тэмцэнэ гэдэг амь дүйсэн ажил. Ийм ажил хийж байгаа хүмүүсийг боломжгүй болгож, байцааж байна. Байцаадаг гол сэдэв нь та орон сууцны ямар дэмжлэг авсан бэ гэдэг гэсэн.

-Таныг ч орон сууцны дэмжлэг авсан гэж буруутгадаг шүү дээ?

-Орон сууцны дэмжлэг авах эрх нь Авлигын эсрэг хуулиар ч, Төрийн албаны хуулиар ч байгаа. Зөвхөн АТГ-ынханд ч тийм эрхтэй биш. Төр, төсвийн байгууллагын ажилтнууд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бий.

-Танай байгууллагаас хэдэн хүн тусламж авсан бэ?

-Манай газрын 90 ажилтны 18 хувь буюу 16 хүн орон сууцны дэмжлэг авахаар болсон. Гэхдээ орон сууц өгч авсан юм байхгүй. Тийм ч боломжгүй. Манай газарт нийт 100 хүрэхгүй сая төгрөг төсөвлөсөн. Үүнийг хүмүүстээ хуваахад байрны үнийн 20-30 хувь л болж байгаа. Үлдсэн 70-80 хувийг ажилтнууд өөрсдөө төлнө. Энд ямар ч хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

-Танай газрын ажлын үр нөлөөг бууруулж магадгүй гэлээ. Тухайлбал яаж?

-Одоо шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтан, яам, агентлагийн удирдлагатай холбоотой хэргүүдийг про­курор эхнээс нь хэрэгсэхгүй болгож байна. Ийм үүргийг Улсын ерөнхий прокуророос өгч байна.

-Хэний хэргийг хэрэгсэхгүй болгосныг тодорхой хэлж болох уу?

-УИХ-ын гишүүн Л.Гүндалайн  хэргийг хэрэг­сэхгүй болгох асуудлыг ярьж байна. Улс төрийн зорилготой хэсэг бүлэг хүн гарч ирэхээрээ өөрийн хүний хууль бус үйл ажиллагааг хаацайлж байна. Байгууллагаа үүнд автуу­лах­гүй төлөө, үүн дээр тууштай зогсч байгаа. Одоо 1937 он биш дээ. Зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт хийхгүй байлгүй. ХХI зуун, иргэний ардчилсан нийгэм байгаа цагт эмээх юм алга. Харамсалтай нь, АТГ ямар эмзэг, эрсдэлтэй ажил вэ гэдгийг ойлгож байна. Энэ ажлын үндэс суурийг тавьж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн үед авлигатай тэмцэх үйл ажиллагааг зогсоох гээд байна. Энэ олон ажилтны сэтгэл зүйг мохоох гээд байна. УИХ-ын зарим гишүүн АТГ-ын жилийн төсөв их гэж хэлдэг. Гэтэл 2,8 тэрбум төгрөг гэдэг аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсийн төсөвт ч хүрэхгүй мөнгө шүү дээ. Гэхдээ бид үүнийг бага мөнгө гэж үзэхгүй. Авлигатай тэмцэх ажил бүх чиглэлээр урагш ахиж байна. Хэдийгээр ийм төсөвтэй ч жилд үүнээс 10 дахин их буюу 27,8 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг илрүүлж улсын төсөвт оруулдаг. Төсвийг хороодог биш нэмэгдүүлж, үр дүнтэй ажилладаг газар шүү дээ. Прокурорын үйлдэл бүхэн хуулийн дагуу байх ёстой. Гэтэл АТГ-т эрүү үүсгэн шалгаж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Ийм алхам хийж төрийн байгууллагын үйл ажиллагаг саатуулж байгаа нь буруу.

-АТГ орон сууцны дэмжлэг болох 310 сая төгрөгийг төсөвлөхдөө УИХ-аас зөвшөөрөл аваагүй. Та тэр мөнгөнөөс 105 сая төгрөгийг өөртөө орон сууцны дэмжлэг гэж авсан гэдэг?

-УИХ-аас зөвшөөрөл аваагүй нь худлаа. 350 сая төгрөг гэдэг ч худлаа. Бүгд худлаа.

-Та насаараа төрд ажилласан гэсэн. АТГ-т ирэхээсээ өмнө байргүй байсан юм уу?

-Би орон сууцтай. Гэхдээ АТГ бол өөрөө онцлог байгууллага. АТГ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг  хангах талаар хуульчилсан байдаг. АТГ-ыг анх зохион байгуулахдаа аюулгүй байдлыг сахиагүйн улмаас анхны дарга нь албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан. Өнөөдөр нас барсан шалтгаан тодроогүй, гэм буруутан нь олдоогүй байна. Үнэхээр эмгэнэлтэй түүх. Иймээс АТГ-ын даргын аюулгүй байдалд анхаарч, ядаж орон сууцаар хангах ёстой. Даргын аюулгүй байдал байгууллагын аюулгүй байдалтай холбоотой байх ёстой. Журмын дагуу би орон сууцны үнийн 20-30 хувийн дэмжлэг авна. Үлдсэн 70-80 хувийг өөрөө даана. Энэ чиглэлээр ерөнхий менежерийн шийдвэр гарсан.

-Анхны даргын нас барсан шалтгааныг эрүүл мэндтэй холбоотой биш гэж та хэлж байна уу?

-Тэр хүн гадаадад ажлаар яваад нас барсан. Эд эрхтнээс нь алдагдсан. Гэмт хэргийн шинж бол байгаа. Тэр талаас нь хөөцөлдөж байгаа талийгаачийн гэр бүл, ах дүүсийн буруу биш. Төрсөн ах, эцгийнхээ эд эрхтнийг алдсан хэн ч тэгж хөөцөлдөнө биз дээ.

-АТГ-ын даргыг УИХ-аас томилдог. Танд дарамт шахалт ирж байгаа бол энэ талаар УИХ-д хандах боломжтой юу?

-АТГ эзэнгүй байгууллага биш. УИХ-ын дэргэдэх байгууллага. Би төрд насаараа хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн. Гэвч өөрийгөө хамгаалах гэж гүйгээгүй байна. Намайг томилсон байгууллага үүнийг анхааралдаа авна гэж үзэж байгаа.
-Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой өөр ямар хэрэг замхарсан бэ?
-УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Отгонбаярын хэрэг байна. С.Эрдэнэ гишүүний гээд захаас аваад бий. АТГ 2007 оны есдүгээр сараас хэвийн үйл ажиллагаагаа эхэлсэн. 63,8 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг илрүүлсэн. Гэвч шалгуулж байсан хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдсанаар бидний хийсэн ажлын үр дүн үгүйсгэгдэж байна.
ШШБЕГ-ын дэд дарга Батболд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсын төсөвт орох ёстой 70 кг алт, хэдэн сая төгрөгийн бэлэн мөнгийг тухайн компанид нь буцааж өгсөн. Төсөвт орох байсан мөнгө ингэж ашиг сонирхлын холбоотой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн халаасанд ороод зувчаад алга болсон. Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн газрын дарга Ариунбаяр улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон том газрыг албан тушаалаа ашиглан нөөцгүй газар мэт болгоод зарсан. Хэд хэдэн ийм газар байсныг илрүүлсэн. Хэнтийд газар дээр нь тогтоосон. Аймгийн шүүх, прокурорынхон адилхан л хуульч шүү дээ. Гэтэл дээрээс Ариунбаярын хэргийг төвд шилжүүл гээд нийслэлийн прокурорт шилжүүлсэн.

-АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс таныг ажлаас нь өөрчилье гэж ҮАБЗ-д хандаад байгааг юу гэж үзэх вэ?

-АТГ ажлаа хийхгүй байна гэж үү. НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенцийн хэрэгжилтийн талаар судалгаа шинжилгээ хийсэн. АТГ маш хүнд нөхцөлд үүргээ хуулийн дагуу биелүүлж байна гэсэн дүгнэлтийг НҮБ-ын шинжээчид өгсөн. Гэтэл Олон нийтийн зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэтэрхий их улс төрийн зорилготой хэдэн хүн энэ зөвлөлд бий. Хийдэг ажил нь хэвлэлийн бага хурал.

-Танай 90 ажилтнаас 41 нь сахилгын арга хэмжээ авахуулжээ. Яагаад?

-41 гэдэг өндөр тоо харагдаж байгаа ч манай ёс зүй, хариуцлага, хяналт өндөр байгааг харуулж байна. Тэдний арав гаруй нь хаалгаа лацдалгүй явсан хүмүүс. Процессийн ажиллагаа, прокурорын шийдвэрээр хэрэг тооцсон 10 хүрэхгүй хүн бий.

-ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг АТГ-аас шүүхэд өгөөд байна. Ямар шалтгаанаар тэр вэ?

-Ц.Энхтүвшин хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн хэрэгт холбогдоод байгаа тус зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцад хариуцлага тооцохоос татгалзсан Үүнийг бид хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Б.Хурц нь АТГ-ын шалгалтаар орон сууц, автомашин, Монгол Улс, БНСУ-д байгуулсан “Грэнд степ” компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлэлгүй нуусан. Б.Хурцад хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтан болох ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд албан бичиг хүргүүлсэн боловч “Хариуцлага тооцох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс ажилдаа харицлагагүй хандсан гэж ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг АТГ-аас Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн.
              
Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж