С.Хавалыг огцруулах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

С.Хавалыг огцруулах эсэхийг шийднэ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалтай холбоотой маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байна.  Түүнийг Засаг даргын  ажлын чиг үүргээ биелүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр тус аймгийн АН-ын гишүүд огцруулах ёстой хэмээн үзэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн төв талбай дээрээ суулт зарласан. Суулт бүтэн хагас жил үргэлжилсний эцэст аймгийн ИТХ-ын тогтоол гарч Засаг дарга С.Хавалыг огцруулах эсэх, түүнд итгэл үзүүлэх эсэх тухай  асуудлаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тогтоол гаргаснаар зогссон юм.

Баян-Өлгий аймгийн ИТХ 34 гишүүнтэйгээс МАХН 18 гишүүнтэйгээр олонхийг бүрдүүлдэг байна. Харин Ардчилсан нам 15 гишүүнтэй бөгөөд нэг суудлыг бие даагч авчээ. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-д МАХН-ын гишүүд олонхийн бүрдүүлдэг тул Засаг дарга намынхаа  гишүүдэд албан тушаал амлах болон гэр бүл хамаатан садныг нь төрийн албан тушаал, зээл тусламжаар дэмжин,  хууль зөрчих үйлдлүүдээ хаацайлж өдий хүрсэн гэх. Тиймээс Ардчилсан намын гишүүд үүнийг эсэргүүцэж Ерөнхий сайдад гурван удаа, Ерөнхийлөгчид хоёр удаа, МАХН-ын удирдлага болон аймгийн МАХН-ын бүлэгт удаа дараа шаардлага хүргүүлэн хууль зөрчсөн Засаг даргадаа хариуцлага тооцох саналыг удаа дараа илэрхийлсээ. Харин энэ удаа х тэргүүлэгчдийн тогтоол гарч ирэх сард буюу долдугаар сарын 2-нд Засаг дарга С.Хавалын асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Гэхдээ Баян-Өлгий аймгийн Ардчилсан намынхны  хувьд ИТХ дахь МАХН-ын бүлэг хурлыг хуралдуулахаар шийдвэрлэсэн ч аймгийн Засаг даргыг олонхийн хүчээр автоматаар гар өргөн авч үлдэх магадлал бий гэдгээ нуусангүй.

 Ямартай ч 37 сая төгрөгийн зөрчил гаргаж байсан Хабсатор даргаа шууд л огцруулж дөнгөсөн Баян-Өлгий аймгийн МАХН-ынхан улсад тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэгдэж буй С.Хавал даргыг энэ удаа огцруулах уу, аль эсвэл авч үлдэх үү гэдэг нь тун удахгүй тодорхой болно. Хэрэв ИТХ ээлжит бус хурлаараа С.Хавалыг огцруулах шаардлагагүй гэж  үзвэл хуулийн дагуу энэ асуудлыг бүтэн жил хэлэлцэх ёсгүй юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж