"Ролан Гаррос -2014"-ийн аваргаар ОХУ-ын Мария Шарапова шалгарлаа.
Францын Парис хотноо үргэлжлэн явагдаж байгаа "Ролан Гаррос 2014" тэмцээний 14 дэх өдөр буюу өчигдөр /06.7/ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга тодорлоо. Шигшээд 2012 оны аварга, тус тэмцээнд долоод эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова дөрөвт эрэмбэтэй Румыны Симона Халеп нар шалгараад байсан. Шигшээ тоглолтод 6:4, 6-7(5), 6-4-ийн харьцаагаар Шарапова өрсөлдөгчөө хожсоноор Францын их дуулгын хоёр дахь цомоо хүртлээ. Тэрээр 2012 онд түрүүлж байсан бол өнгөрсөн жил шигшээд шалгарахдаа АНУ-ын Серена Уильямст ялагдаж байсан. Энэ жил 28 настай ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова "Их дуулга" тэмцээний тав дахь цомоо хүртэхдээ Францын тэмцээний хоёр цом хүртээд байна. Шарапова 2004 онд "Уимблдон"-д, 2006 онд "Америкийн нээлттэй тэмцээн", 2008 онд "Австралийн нээлттэй тэмцээн", 2012, 2014 онуудад "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлээд байна. Мөн "Лондон-2012" зуны олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртсэн. Шарапова 2005 онд дэлхийн тэргүүн теннисчин болж байсан бол өдгөө наймд бичигдэж байна.
23 настай Румыны Симона Халеп "Их дуулга" тэмцээний хамгийн оргил амжилтаа үзүүлээд байна. Симона Халеп энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-нд шөвгийн наймд шалгарсан бол энэ удаа Парисийн кортод шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт болох бөгөөд дэлхийн тэргүүн теннисчин Испаний Рафаэль Надаль, хоёрт бичигдэж буй Сербийн Новак Жокович нар шалгараад байна.
Ч.БОЛОР