Монгол-Австрийн Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд удахгүй ашиглалтад орох Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборын дөрвөн тасгийг иж бүрэн шинэ тоног төхөөрөмжөөр тохижуулах асуудал шийдэгдээд байгаа билээ.
Өнгөрсөн баасан гаригт /VI.06/ тэрхүү тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгч Австрийн “АМЕ International” компанийн гүйцэтгэх захирал Эккехарт Штремитцер тэргүүтэй төлөөлөгчид БХХСАХНЭ-ийн барилгын шинэ цогцолбортой танилцсаны дараа захиалагч БХЯам болон тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, цэргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, нийлүүлэлт болон суурилуулалт, боловсон хүчний сургалт зохион байгуулах, чадавхжуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Эмнэлгийн шинэ цогцолбор нь орчин үеийн эмнэлгийн техник технологиор тоноглогдсон, нэг өрөөнд хоёроос илүүгүй өвчтөн хэвтэх, тэднийг эмнэлгийн чанартай үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжоор хангасан, 350-иад ортой байх бөгөөд энэ удаагийн техникийн шинэчлэлээр мэс засал, дүрс оношлогоо, яаралтай тусламж-эрчимт эмчилгээ, лаборатори гэсэн дөрвөн тасгийг бүрэн тоноглохуйц цоо шинэ тоног төхөөрөмжүүд орж ирэх юм.
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Цэргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл-2012-2020” хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн шинэ барилгаа ашиглалтад оруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг бий болгох зэрэг чиглэлээр ажиллаж, цаашдаа уг цэргийн эмнэлгийг нийслэлийн зүүн бүсийн төвлөрсөн эмнэлэг болгоод зогсохгүй Монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгох хэтийн зорилготой ажээ.
Эх сурвалж: zasag.mn