Хөлбөмбөг сонирхогчдын эртний танил, дэлхийн алдарт “WORLD SOCCER” сэтгүүл Монголын уншигчдын хүртээл болж эхэллээ. “World soccer”-ын Монгол дахь нээлтэд зориулсан нэгэн сонирхолтой тэмцээн өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж, хөлбөмбөгийн фанатууд өөрсдөө хөлбөмбөгөөр ширүүн тэмцэл өрнүүлэв.
Хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнд “Барселона”, “Реал мадрид”, “Челси”, “Байерн Мюнхен”, “Ман сити” зэрэг 10 багийн фанатууд оролцсоноос “Реал мадрид” тэмцээнийг тэргүүлж, “Байерн Мюнхен”, “Челси” багийнхан удааллаа.
Хөгжөөн дэмждэг баг, тоглогчдынхоо өмсгөлөөр жигдэрч, хайртай багаараа овоглон хөлбөмбөгийн ногоон талбайд нэгэн өдрийг өнгөрүүлсэн энэ тэмцээн үнэнч фэнүүдийн хувьд маш онцгой өдрийг бэлэглэж чадсан юм. Монголд “Челси”-г, Монголд дэлхийн шилдэг клубуудыг “авчирсан” хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн тэмцээнийг зохион байгуулагчид цаашид улам өргөжүүлэн явуулах ажээ.
1960 оноос хойш уншигчдыг хэзээ ч уйдааж байгаагүй, хөлбөмбөгийн хамгийн сонирхолтой мэдээлэл түгээгч “World soccer” сэтгүүлийн Монгол дахь нээлтэд зориулсан хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээний ивээн тэтгэгчээр “Yokohama Tire Mongolia”, дэмжигчээр “Арвайн үндэс” компани ажиллажээ. Мөн мэдээллийн дэмжигч байгууллагаар Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран ажилласан байна.