Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэд судалгаа хийдэг билээ. Энэ долоо хоногийн хувьд мах болон хүнсний ногооны үнэ өссөн байна. Тодруулбал, махны хувьд, нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 7885 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8785 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.0 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.7 хувиар буюу 205 төгрөгөөр, хонины цул мах 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр тус тус өсчээ. Хонины махны үнэ “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9900 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад төмс 3.1 хувиар буюу 30 төгрөгөөр, байцаа 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр өссөн талаар статистикчид мэдээллээ.
Б.МИШЭЭЛ