-Монгол, ӨМӨЗО-той хиллэдэг боомтоор хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллав-
Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг боомтуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Уг ажлын хэсэг боомтын дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боомтоор аюулгүй, хурдан нэвтрүүлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг газар дээр нь судлан шийдвэрлэхээр тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 3-ныг дуустал өмнөд хилийн Шивээхүрэн-Сэхэ, Цагаан дэл уул-Өлзий, Гашуун сухайт – Ганц мод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн боомтуудад ажилласан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Монгол Улсын талаас ажлын хэсгийн ахлагчаар ГЕГ-ын дарга О.Ганбат, ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж, МХЕГ-ын дэд дарга Г.Эрдэнэбилэгт, Боомтын нэгдсэн захиргааны дэд дарга Д.Бэхбат, ГЕГ-ын ГХБХ-ийн дарга Д.Гантуг, БНЗ-ны нэгдсэн удирдлагын газрын дарга М.Хэрлэн болон хилийн боомтын холбогдох ажилтнууд багтан ажилласан байна. Харин БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны боомтын захиргааны дарга Гуо Ган, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн дарга Жан И Шы, Хорио цээрийн газрын орлогч дарга Лиү Шинь, Хил хамгаалах ерөнхий ангийн командын штабын даргын орлогч Дү Жюнь, Хил хамгаалах ерөнхий ангийн орлогч дарга Хуан Вэй, ӨМӨЗО-ны боомтын захиргааны нэгдүгээр хэлтсийн дарга Дү Чэн Фү, гуравдугаар хэлтсийн дарга Бао Чүнь Жин, Нүүрсний холбооны дарга Ли Жэн Рүн болон хилийн боомтын холбогдох ажилтнууд оролцсон байна.
Хамтарсан ажлын боомт тус бүрээр хянан шалгаж, дараах асуудлыг шийджээ.
Шивээхүрэн – Сэхэ боомт
Хоёр орны ажлын хэсэг тус боомтуудын удирдлагуудтай уулзаж дараах хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:
– Хоёр орны боомтын орох, гарах урсгалын тоо адил дөрөв дөрөв боловч БНХАУ-ын тал хоёр гарцаар нэвтрүүлж байсан ч нэг гарцны пүү эвдэрснээс нэг замаар л нэвтрүүлдэгээс ачаалал үүсч байгааг хүлээн зөвшөөрч яаралтай пүүгээ засварлан хоёр замаар нэвтрүүлдэг болох.
– БНХАУ-ын тээврийн жолооч нарт хил нэвтрэх виз, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл авахад хүндрэлтэй уддагаас шалтгаалан оны эхний улиралд ажил удааширдаг, хураамжийн хэмжээ их байдаг. Энэ асуудлыг ИХШХЕГ Улаанбаатар хотод очиж виз авдагийг болиулан тухайн боомтод нь богино хугацаанд авч болохыг шийдвэрлэсэн ба гурван төрлийн визны хураамжийг тодорхой хэлж өгсөн байна.
– Монгол Улсын боомтод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилтнууд өдрийн цайны цаггүй ажиллаж байгаа ч БНХАУ-ын хил хяналтын байгууллагууд өдрийн цайны цагтай байгаа нь хил дээрх бөөгнөрөл үүсэх шалтгаан болж байгааг газар дээр нь шийдвэрлэн өдрийн цайны цаггүй болголоо.
– БНХАУ-ын талаас тавьсан нэг асуудал нь хоёр орны боомтод ашиглаж байгаа пүү нэг машинд 800 кг орчим зөрүү гарч байна. Хоёр улсын мэргэжлийн хяналтын асуудал харицсан байгууллагууд 2014 оны зургадугаар сарын 20-ны дотор хамтарсан ажлын хэсэг байгуулан шийдвэрлэхээр болсон байна.
Цагаан дэл уул – Өлзий боомт
Тус боомтыг нээх тухай хоёр улсын Засгийн газраас шийдвэрлэж байжээ. Одоогоор тухайн газарт хоёр орны зүгээс барилга байгууламжийн ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй байгаа аж. Энэхүү боомтыг эхнээс нь зүй зохистой, зөв зохион байгуулалтай, бараа, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай хилээр нэвтрэх боломжийг бүрдүүлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэйг албаныхан онцлов. Ингэхэд концессын гэрээ болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж болох талаар Монгол Улсын Засгийн газарт уламжлан танилцуулах боллоо.
Гашуунсухайт – Ганц мод боомт
Хамтарсан ажлын хэсэг тус боомтын хил хяналтын байгууллагын удирдлагуудтай Гашуунсухайт боомтод уулзалт зохион байгуулж дараах хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:
– БНХАУ-ын талаас төмөр замын боомт нээх асуудлыг тавьсныг хоёр улсын Засгийн газарт уламжлан танилцуулах.
– Хоёр орны хил нэвтрүүлэх 12 гарц /түүний 8 нь экспортынх/ байдаг гэвч БНХАУ-ын талд нийт гурван пүүтэй түүгээр тухайн автомашин орох ёстой байдаг нь удах /аль нэг пүүн дээр машин эвдрэх, унахад гацаа үүсдэг/ шалтгаан болж байна. Энэ асуудлыг хятадын боомтын захиргаа 30 хоногийн дотор шийдвэрлэх болов.
– Монгол талын боомт хүрэх шороон автозам муудсанаас машин унах, эвдрэх асуудал гардаг иймд худалдааг хөнгөвчлөх зорилгоор дэд бүтцийг шийдвэрлэх арга замыг хоёр тал харилцан эрэлхийлэх,
– БНХАУ-ын талаас нүүрсний шууд ачилт хийвэл зардал хэмнэгдэхийг анхааралдаа авахыг хүслээ.
– “Оюутолгой” ХХК-ий зэсийн баяжмалыг БНХАУ-ын тал 17 цагаас хойш нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан нь зорчигч бүхий автомашиныг нэвтрүүлдэг гарцаар оруулдагтай холбоотой үүнийг ойрын хугацаанд цэгцлэхээр болов.
– Нүүрсний тээврийг хурдан шуурхай нэвтрүүлэх зорилгоор ИХШХЕГ автомат удирдлагын паспортын систем болох хурууны хээг ашиглан хил нэвтрүүлэх ажлыг туршиж үзсэн ба холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгээр ашиглахаар болов.
Ханги – Мандал боомт
– Хамтарсан ажлын хэсэг Мандал боомтод хуралдав. Хоёр орны Засгийн газрын шийдвэрээр тухайн боомт нь байнгын ажиллагаатай болсон. Гэвч монголын талын дэд бүтцийн хөгжил төдийлөн сайн биш /ус, цахилгаан эрчим хүчний хангамж муу/ байгаа нь хүндрэлтэй байгаа тул хоёр улсын хооронд концессын гэрээ болон бусад дэмжлэгээр шийдвэрлэж болох талаар уламжлах.
– Ариутгал, цэвэрлэгээний пункт байхгүй байгаад анхаарал хандуулах.
Замын-Үүд – Эрээн боомт
– Тус хоёр боомт олон жил ажилласан хүндрэлтэй асуудлаа ажлын шугамаар шийдвэрлээд ирсэн тул одоогоор хүндрэл бага байгаа ажээ.
– БНХАУ-ын тал гуравдагч орны зорчигч тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх ажлыг шийдвэрлэхээр тохиролцов.Боомтын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор холбогдох зардлыг Монголын тал улсын төсөвт суулгах замаар шийдвэрлэх, гаалийн байгууллагын хяналтын тоног төхөөрөмж, мэргэжлийн хяналтын ариутгал, халдваржуулалтын пункт зэргийг БНХАУ-ын тухайн орон нутгийн байгууллага шийдвэрлэхээр болов. Түүнчлэн хоёр орны гаалийн байгууллагын хяналтын үйл ажиллагааны хэлбэр болох ачааны манифестийг цахим хэлбэрээр солилцох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн дараах чухал шийдвэрүүдийг гаргажээ.
-Хил хяналтын байгууллагуудын үйлчилгээний стандартыг дээшлүүлэхэд талууд анхаарч ажиллах.
-Хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд хилийн зүүн бүсийн боомтуудад ажиллуулан гарч буй хүндрэлийг газар дээр нь шийдвэрлэх, боомтын хамтын ажиллагааг хангах механизмыг бий болгох.
-Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн бүх боомтоор албан ажлын хүрээнд нэвтрэх албан ажлын хүрээнд нэвтрэх автомашиныг А зөвшөөрөлтэй, тухайн боомтоор нэвтрэх машиныг Б зөвшөөрөлтэй нэвтрүүлж байхаар тогтов. Тус зөвшөөрлийг олгох асуудлыг хоёр талын Боомтын захиргаанаас батлагдсан загвараар шийдвэрлэж, хил хяналтын байгууллагуудад мэдэгдэхээр тохиров.
БНХАУ-ын боомтуудын дэд бүтэц харьцангуй сайн, Цагаан дэл уул-Өлзий боомтоос бусдад хатуу хучилттай зам, төмөр замын олон салаа замууд бүгд тавигдсан байгаа анхааралдаа авах шаардлагатай байна.
Замын-Үүд боомтод гаалийн байгууллагад татвар хураамжаа төлсөн ачаатай /цемент, барилгын материал болон бусад бараа/ том оврын автомашинууд ачааны вагонд ачих дугаараа хүлээн хилийн боомтоос эхлэн ачих цэг хүртэл хэд хоногоор хүлээсэн байдалтай байгааг анхаарах хэрэгтэй гэв.
Хамтарсан ажлын хэсэг ажлаа дуусган санамж бичгийг монгол, хятад хэл дээр бичин энэ сарын 3-ны /2014.06.03/-нд гарын үсэг зурж солилцсон байна. Мөн энэхүү хамтарсан ажлын хэсгээс гарган шийдвэрлэсэн, цаашид шийдвэрлэх асуудлыг ӨМӨЗО-ны намын дарга, БНХАУ-ын дарга нарын Монгол улсад айлчлалаар ирэх явцад уламжлахаар болжээ.
У.БОЛОР