Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.07-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна

-Энэ салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гадагш гарч байгаа их мөнгийг Монголдоо үлдээх хэрэгтэйг онцлов-

Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг Төрийн ордонд зохион байгуулж буй. Чуулга уулзалтад  Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан болон гадаад дотоодын нийт 600 төлөөлөгч оролцож байна. Хэлэлцэх гол сэдэв эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар юм.

Чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг“Бүтээн байгуулалтыг амжилттай хийж, бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүч нь эрүүл чийрэг Монгол хүн юм. Засгийн газар эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна энэ салбарыг зах зээлийн харилцаанд зохицсон байдлаар ажиллуулах зорилттой ажиллаж байна гэлээ.  Энэ онд 11 аймгийн төвд хамгийн сүүлийн үеийн аппарат техниктэй оношилгооны төвийг 24 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулснаар Улаанбаатар хотод ирж байгаа иргэдийн тоо 60 хувиар буурсан судалгаа гарчээ. 2012 онд 24,7 тэрбум төгрөгийг иргэд гадаадад оношлуулж, эмчлүүлэхэд зарцуулсан гэсэн тооцоо байна. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гадныхөрөнгө оруулалтыг хөхиүлэх замаар гадагшаа гарч байгаа их мөнгийг Монголдоо үлдээх, эх орондоо найдвартай оношлуулж эмчлүүлэх шаардлагатай” гэж хэлжээ.

Үүний дараа эхний илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын  эрэлт хэрэгцээ” сэдвээр эхлүүлж, салбарын өнөөгийн байдлыг танилцуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг онцоллоо. Чуулга уулзалт эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи, төр хувийн хэвшлийн түншлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зэрэг сэдэвт салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж