МУИС-ийн багш нар мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

МУИС-ийн багш нар мэдэгдэл гаргажээ

Нэр бүхий бидний 10 багш МУИС-ийн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, сургалтын алба, тэнхимийн эрхлэгчдийн албан тушаал, хөтөлбөрийн хороод болон бусад ажлын хэсэгт хүлээсэн үүргүүдээ хүлээлгэн өгч, профессор багшийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэдгээ 2014 оны 6 дугаар сарын 2-нд МУИС-ийн захирал, доктор А. Галтбаярт албан ёсоор мэдэгдсэн. Бид их сургуулиа олон улсын түвшний судалгааны их сургууль болгох үзэл санаагаар нэгдэж, Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн дээд боловсролын чанарын шинэчлэлийн зорилтын хүрээнд МУИС-ийн бүтцийн болон хөтөлбөрийн өөрчлөлтийн ажлын хэсгийг манлайлан, бүтцийн өөрчлөлтийн үзэл баримтлал,зарчим, санал, төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд мэдлэг, чадвар, туршлага, цаг заваа шавхан ажиллаж ирлээ.

Харамсалтай нь захирал А. Галтбаяр нь бүтцийн өөрчлөлтийн мөн чанар, ач холбогдлыг бүрэн ухамсарлаагүйн улмаас шинэчлэлийн үзэл баримтлал, зарчмаас гажсан шийдлүүдийг гарган, хөтөлбөр болон хичээлийн давхардлыг арилгахад чиглэсэн шинэчлэлийн бодлогыг завхруулж, сургууль, тэнхим, багш нарын хооронд үл ойлголцол үүсгэж, МУИС-ийн Удирдах зөвлөлөөс үүрэг болгосон бүтцийн өөрчлөлтийн үйл явцыг удаашруулан гажуудуулсаар байна.

МУИС-ийн олон зуун багш нар бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгож, эдүгээ эрдмийн зэрэг, цолтой профессор багш нарын олонх нь хөтөлбөрийн хороодод ажиллаж, дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөрийг судлан, сургалтын шинэ хөтөлбөрүүдийг боловсруулахын тулд хичээл зүтгэл гарган, илүү цагаар хөдөлмөрлөж байгаа ч удирдлагын энэхүү шийдвэргүй, туйлбаргүй байдлаас шалтгаалан МУИС-ийн шинэчлэл хүндрэлд орж, нийт хамт олны нөр хөдөлмөр талаар өнгөрөхөд тулаад байна. Бид шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан арга буюу ийм үйлдэл хийхэд хүрлээ.  Гэхдээ бид МУИС-ийн бүтцийн болон хөтөлбөрийн шинэчлэлийг зөв, шуурхай, тууштай удирдлагаар хангасан нөхцөлд шинэчлэлийг үндсэн үзэл санаа, зарчмынх нь дагуу амжилттай хэрэгжүүлэх бүрэн дүүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байгаа болно.

Др. Л.Мөнх-Эрдэнэ (Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал)
Др. Ч.Нарантуяа (Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал)
Др. Б.Болдгив (Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч)
Др. Ц.Амартайван (Шинжлэх ухааны сургуулийн Сургалтын албаны эрхлэгч)
Др. П.Энхбаяр (Компьютер, мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч)
Др. П.Дэлгэржаргал (Түүхийн тэнхимийн эрхлэгч)
Др. Д.Рэнцэнмядаг (Химийн тэнхимийн эрхлэгч)
Др. Б.Батжаргал (Биологийн тэнхимийн эрхлэгч)
Др. Г.Баярмагнай (Математикийн тэнхимийн эрхлэгч)
Др. Д.Бум-Очир (Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч)

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж