МАН-ынхан 18 тэрбумыг нэхэв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийг ямар ажилд зарцуулсан тухай тайланг тавилаа.
Тэрхүү мэдээллээр замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэх зорилгоор 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авах, програм хангамж сүлжээ бий болгоход 1.8 тэрбум төгрөг, хот хоорондын шуудан тээвэр хүргэлтийн авто машин нийлүүлэхэд 880 сая төгрөг, шуудангийн тээвэр хүргэлтийн GPS суурьтай хяналтын систем нэвтрүүлэхэд 99 сая төгрөг, шуудан хүргэгч нарт гар компьютер худалдан авч өгөхөд 150 сая төгрөг, мэдээллийн ложистик сүлжээ байгуулахад 80 сая төгрөг, ухаалаг шуудангийн хайрцаг худалдан авч, суурилуулахад 720 сая төгрөгийг тус бүр зарцуулжээ.
Мөн Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү худалдааны төв барихад 9.7 тэрбум төгрөг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна спорт цогцолбор барих, хөл бөмбөгийн талбай 1 ширхэг, талбайн теннисны талбай 3 ширхэг, сагсан бөмбөгийн талбай 3 ширхэгийг байгуулахад 1.6 тэрбум төгрөг, мөн тус хүрээлэнд 2.655 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам болон дугуйн зогсоол барихад 3.7 тэрбум төгрөг, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 2.5 тэрбум төгрөгийг тус бүр зарцуулжээ.
Тэгвэл 11 аймагт оношлогооны тоног төхөөрөмжүүд худалдан авахад 23.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ мэтчлэн ажлуудад зарцуулсаар Ерөнхий сайдын багц дахь 50 тэрбум төгрөг дууссан юм байна. Энэ мэтчлэн нийт 32 төсөл арга хэмжээнд 45.9 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж тайлагналаа.
Эл мэдээлэлтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэлт хийж, түүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрээр “Ерөнхий сайдын мэдээллээс дүгнэхэд 50 тэрбум төгрөгийг нийт долоон багц арга хэмжээнд зарцуулжээ. Тухайлбал, замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгох, баруун гурван аймагт битүү зах, худалдааны төв барих, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барих, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлах, Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулах, 11 аймагт оношлогооны төв бий болгоход зарцуулсан байна. Гэхдээ 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26.342.659.844 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн. Ерөнхий сайд буюу уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Н.Алтанхуяг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 41.2.7 “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах” үүргээ хангалтгүй биелүүлсний үр дүн гэж үзэхэд хүргэж байна гэлээ.
Тиймээс 2014 оны төсөвт тусгагдаагүй үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулж, тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж байна” хэмээсэн юм.
Мөн УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдад хандан санал хэлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Долоон буудлын Должин эмээгийнд хамтдаа очиж амьдралтай нь танилцах хүсэлт тавив.
Энэ тухай С.Бямбацогт гишүүн “Ерөнхий сайд та цөөнхийн бүлгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлэхээр “Та нар бүх юмыг харлуулж байна” гэж хардаад байна. Уг нь бид Засгийн газар алдаагаа засаасай, өмнөхөөсөө илүү эрчтэй ажиллаасай, ард олноо илүү ажилтай, орлоготой болгож, Монгол Улсыг хөгжүүлээсэй гэж бодож шаардлага тавьдаг, зөвийг нь дэмждэг, бурууг нь шүүмжилж ирсэн. Тэгэх ч ёстой болов уу.
Гэтэл та “Амьдрал сайхан байгаа” гэж ярьсаар байтал ард иргэдийн маань амьдрал хүндэрлээ. Гэдэс нь өлсч, мөр нь нүцгэрлээ. Хамтдаа Долоон буудлын Должин эмээгийнд очьё. Тэндээс амьдрал болж байна уу гэдгийг харъя. Тэвчээр барагдаж байна, өчигдөр би танд энэ тухай хэлсэн. Ер нь тэгээд бид супер Ерөнхий сайдыг томилсон юм байна, сайд нар ажил хийж чаддаггүй учраас Ерөнхий сайд өмнөөс нь ажлыг нь хийдэг юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өмнөөс, Ц.Оюунгэрэл сайдын өмнөөс олон ажил хийж…Цаашдаа бид сайд нарын багцад хөрөнгө оруулалт тавьж батлахаа болъё. Шууд Ерөнхий сайдын багцад бүх хөрөнгө оруулалтыг тавьчихая, маш гоё ажил хийсэн байна. 1.3 их наядын ажлыг Ерөнхий сайд ганцаараа хийг.
Уг нь бол 50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг “Ланд-200 авах мөнгөөр 469 машин авчихсан байна шүү” гэдгийг л анхааруулж хэлсэн. Тендэрийн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. Холбогдох албан тушаалтнууддаа хариуцлага тооц гэхэд та өнөөдөр “Бид хууль зөрчөөгүй” гээд сууж байна. Буруу шүү дээ. Зорилго нь аргаа зөвтгөхгүй” хэмээв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн дарга нарт хандаж “Та нар хийсэн ажлаа олон нийтэд сайхан тайлбарлаарай. 50 тэрбум төгрөгөөс хэдэн тэрбум төгрөг цохьсон хүмүүс шиг харагдаад байна. Авсан төхөөрөмж юмнуудаа хэдэн төгрөгөөр авсныгаа тоо ширхэгтэй нь нэгбүрчлэн мэдээлээрэй. Үр ашгаа өгсөн олон ажил бий, иргэд ч баяртай байгаа” гэлээ.
Ерөнхий сайдын ийн хэлсний дараа УИХ-ын дарга энэ өдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлж байгаагаа мэдэгдэв.
Г.ДАРЬ