УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Долоон буудлын Должин эмээгийнд хамтдаа очиж, амьдралтай нь танилцах хүсэлт тавив. Тэрээр “Ерөнхий сайд та цөөнхийн бүлгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлэхээр “Та нар бүх юмыг харлуулж байна” гэж хардаад байна. Уг нь бид Засгийн газар алдаагаа засаасай, өмнөхөөсөө илүү эрчтэй ажиллаасай, ард олноо илүү ажилтай, орлоготой болгож, Монгол Улсыг хөгжүүлээсэй гэж бодож шаардлага тавьдаг, зөвийг нь дэмждэг, бурууг нь шүүмжилж ирсэн. Тэгэх ч ёстой болов уу.
Гэтэл та “Амьдрал сайхан байгаа” гэж ярьсаар байтал ард иргэдийн маань амьдрал хүндэрлээ. Гэдэс нь өлсч, мөр нь нүцгэрлээ. Хамтдаа Долоон буудлын Должин эмээгийнд очьё. Тэндээс амьдрал болж байна уу гэдгийг харъя. Тэвчээр барагдаж байна, өчигдөр би танд энэ тухай хэлсэн. Ер нь тэгээд бид супер Ерөнхий сайдыг томилсон юм байна, сайд нар ажил хийж чаддаггүй учраас Ерөнхий сайд өмнөөс нь ажлыг нь хийдэг юм байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өмнөөс, Ц.Оюунгэрэл сайдын өмнөөс олон ажил хийж…Цаашдаа бид сайд нарын багцад хөрөнгө оруулалт тавьж батлахаа болъё. Шууд Ерөнхий сайдын багцад бүх хөрөнгө оруулалтыг тавьчихая, маш гоё ажил хийсэн байна. 1.3 их наядын ажлыг Ерөнхий сайд ганцаараа хийг.
Уг нь бол 50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг “Ланд-200 авах мөнгөөр 469 машин авчихсан байна шүү” гэдгийг л анхааруулж хэлсэн. Тендэрийн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. Холбогдох албан тушаалтнууддаа хариуцлага тооц гэхэд та өнөөдөр “Бид хууль зөрчөөгүй” гээд сууж байна. Буруу шүү дээ. Зорилго нь аргаа зөвтгөхгүй” хэмээв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн дарга нарт хандаж “Та нар хийсэн ажлаа олон нийтэд сайхан тайлбарлаарай. 50 тэрбум төгрөгөөс хэдэн тэрбум төгрөг цохьсон хүмүүс шиг харагдаад байна. Авсан төхөөрөмж юмнуудаа хэдэн төгрөгөөр авсныгаа тоо ширхэгтэй нь нэгбүрчлэн мэдээлээрэй. Үр ашгаа өгсөн олон ажил бий, иргэд ч баяртай байгаа” гэлээ.
Гэхдээ Долоон буудлын Должин эмээгийнд хамтдаа очих урилгад Ерөнхий сайд энэ удаад хариулт өгсөнгүй. Ямартай ч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хоёр дахь удаагаа энэхүү хүсэлтийг тавьсан. Гурав дахь удаагаа тавихыг ч үгүй гэх газаргүй л юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ