Ядуусын 73 хувь нь хөдөлмөр эрхэлдэг

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Ядуусын 73 хувь нь хөдөлмөр эрхэлдэг

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас өнөөдөр “Ядуу иргэдэд тусламж үзүүлэх нь зөв үү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, одоо ид хэлэлцэж байна. Үүнтэй уялдуулж, дээрх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Ингэхдээ хэлэлцүүлгээр дамжуулж нийгэмд зөв мэдээлэл өгөхийг зорилгоо болгосон гэж тус яамны Стратеги бодлого,  төлөвлөлтийн хэлтсийн дарга онцоллоо. Учир нь ядуу амьдарч байгаа иргэдийн дийлэнх хэсэг нь залхуучууд гэсэн түгээмэл ойлголт нийгэмд байдаг. Гэвч Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн 73 хувийн өрхийн тэргүүн нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлдэг болох нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, тэдний авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэхгүйгээс ядуу гэсэн ангиллаас гарч чаддаггүй аж. Нөгөөтэйгүүр, ядуу амьдралтай өрхүүд ам бүл олуулаа, олон хүүхэдтэй байдаг гэнэ. Энэ нь өрхийн орлогодоо нэмэр болох хөдөлмөрийн насны хүн цөөн байдагтай бас холбоотой аж. Тиймээс УИХ-аар хэлэлцэж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад ядуу гэр бүлд өрхийн тэтгэлэг олгохоор зааж өгчээ. Тодруулж хэлбэл, насан хүрсэн нэг иргэнд сар тутамд 7000 төгрөг, хүүхдэд 10000 төгрөг олгоно. Дунджаар нэг өрхөд сардаа 40 мянган төгрөг оногдоно гэж тооцоолсон. Ингэснээр ядуу өрхийн амжиргаанд нэмэр болно гэж үзжээ. Хөгжилтэй хийгээд хөгжингүй орнууд ийм аргачлалаар ядуурлын төвшнөө бууруулсан жишээ олон. Хамгийн гол нь энэхүү аргачлалыг үр дүнд хүргэхийн тулд өрхийн тэтгэлгийг жинхэнэ зорилтот хүмүүстээ буюу ядуу амьдарч байгаа иргэддээ олгох нь чухал. Үүний тулд ядуу иргэдийг үнэн зөвөөр тодорхойлж гарган, тэднийг мэдээллийн санд нэгдсэн байдлаар бүртгэлтэй болгох. Мөн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа энэхүү хэсгээ тодорхойлохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар гаргах юм байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар өрхийн тэтгэлгийг 160 мянган айлд олгоход жилдээ 60-80 тэрбум төгрөг зарцуулна гэж үзсэн. Ингэснээр ядуурлын төвшинг 3.7-8.2 хувь хүртэл буруулах бололцоотой гэсэн тоон судалгааг ч бас гаргажээ.  
Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахаас өмнөх жилүүдэд шинээр төрсөн хүүхэд, хүүхэд бүрийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгөн тэтгэмжид зориулж жилдээ улсын төсвөөс 160 тэрбум төгрөг зарцуулж байсан. Гэвч ядуурлын төвшин буураагүй, энэ нь тэтгэлгийн мөнгөн хэлбэр хэт хавтгайрсантай холбоотой гэж албаны хүмүүс хэллээ. Олон улсын байгууллагуудаас ч “Халамж хавтгайрсныг сануулж, зайлшгүй хэрэгцээтэй хүмүүст тэтгэлгийг олгохгүйгээр ядуурлыг гэтлэн туулж чадахгүй” гэх анхааруулгыг ч өгсөн. Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зүгээс ядуу иргэддээ тэтгэмж олгох нь зөв, ингэснээр нийгмийг бүхэлд нь хөгжүүлэх суурь болно гэж үзэж байна.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж