Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайдад Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлж байгаа гэлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох нь зүйтэй гэснийг АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.
Олон нийтийн зүгээс болон Ерөнхийлөгчийн зүгээс дараагийн сайдыг парламентийн гаднаас байх нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан ч Засгийн газраас ийнхүү УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад өргөн мэдүүллээ. Энэ долоо хоногийн лхагва гаригт /VI.04/ Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан байнгын хорооны хуралдаанаар ҮХАА-н сайдын талаар хэлэлцэх байсан ч Засгийн газраас эл асуудлыг УИХ-д өргөн бариагүй учраас хамтарсан хуралдаан хийх шаардлагагүй гэж үзэн хойшлуулсан юм. Нэгэнт Засгийн газар одоо Ш.Түвдэндоржийн нэрийг өргөн барьсан болохоор ирэх долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар энэ талаар хэлэлцэх нь тодорхой болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн даваа гаригт /VI.02/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцан, хариу илгээхдээ,
-“Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Шаравдоржийн Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн албан бичигтэй танилцлаа. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлэх ажлыг энэхүү томилгооноос эхлэх боломжтой. Үүний учир Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй. Иймд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох Таны саналыг татгалзаж байна. Монголын төрд бий болсон дээрх шаардлага, сургамж, боломжийг харгалзан Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.
Харин их хурлын гишүүд Ш.Түвдэндоржийг давхар дээл өмсүүлж, сайд болгох асуудлыг дэмжих болов уу, эс дэмжих болов уу?
Б.ЭНХ